АНХДАГЧ АСУУЛТ – БИ ХЭН БЭ?

Хүүхэд анх хэлд орохдоо ‘яагаад’ гэж хэлж ордоггүй ч хэлд орсон хойноо ганц мэддэг үг нь ‘яагаад’ болчихсон юм шиг байдаг гэдгийг уншигч та гадарлах байх. Тэдний хувьд орчлон ертөнцийн бүх л юмс үзэгдэл шинэ, сонин содон бас нууцлагдмал тиймдээ ч тэд бүх л юмс үзэгдлийн оноосон нэр, тайлбрыг биднээс эцэс төгсгөлгүй хүснэ. Энэ бол тэдний хорвоотой танилцах аяллын эхлэл өөрөөр хэлбэл ‘Анхдагч алхам.’

Харамсалтай нь анхдагч алхамаас хоёрдагч алхам хүртэлх их олон зүйл өөрчлөгдөнө. Тэдний ‘яагаад’ гэх асуултын хариултын ихэнх нь болохгүй, бүтэхгүй, аюултай гэх мэтчилэн сөрөг зүйлс байх ба яагаад ч юм гэнэтхэн орчлон, ертөнц гэдэг аюулаар дүүрэн аймшигтай ч юм шиг санагдаж эхлэнэ. Тэдэнд хийж болохоосоо болохгүй нь илүү, чадахаасаа чадахгүй нь илүү санагдах аж. Үүнийг өөртөө итгэх итгэлийн уналт буюу ‘Анхны алхам’-ын бүдрэлт гэх аж.

Бүр илүү харамсалтай зүйл гуравдагч алхмыг хийхээс өмнө тохиолдоно. Хүүхэд л болсон хойно амьдралын талаар юу ч мэдэхгүй тул аав ээж нь, ах эгч нь эсвэл хамаатны нэг мундаг ах нь амьдралын талаар сэнхэртэл нь сайхан лекц уншиж, аюулгүй замаар амьдралдаа аль болох багахан эрсдэл хийж, цалин сайтай, уйтгартай ажил хийж амьдрах нь амьдралын гол утга учир хэмээжээ. Гэтэл хүүд тэр лекц нэг л бууж өгсөнгүй, яг л давааны цаанаас хүн хашгичиж буй мэт санагдав учир нь түүний дотор яагаад ч юм нэг нууцлаг хэрнээ сэтгэлийг нь хөдөлгөдөг өөр зүйл байх аж. Ийнхүү арайхийж өөртөө итгэх итгэлийн уналтаасаа буцаад хөл дээрээ бостол дараагийн алхам нь ямар байх, юуны төлөө байх талаар тэдэнд ямар ч ойлголт алга болжээ. Өөрөөр хэлбэл тэд мананд төөрч, өөрийгөө ойлгохоо байж ‘identity crisis’-д өртжээ. За ингээд хүүхэд том хүн хоёрын тулаанд ихэнхдээ нэг нь ялдаг тул хүсээгүй ч хүссэн карьерийг тэр сонгож, сураагүй ч сурсан сургуульд явж, үнэтэй ч гэсэн хямдхан дипломтой болоод насан туршдаа найзлах 2 найзтайгаа танилцжээ. (ширээ ба комьпютер) Үүнийг өсвөр насны төөрөгдлөөс үүссэн гамшиг гэж нэрлэх аж. Харамсалтай нь тун цөөхөн хүн энэнээс цааш алхаж чаддаг аж…

Би хэн бэ? Магадгүй хэтэрхий философилог ч юм шиг, хэтэрхий хийсвэр ч юм шиг санагдана гэвч гаднах цаасыг нь авалгүйгээр чихрийн тэр гоё амтыг мэдрэх боломжгүй шиг энэ асуултанд хариулалгүй амьдралыг мэдрэнэ гэдэг боломжгүй. Гагцхүү энэ асуултынхаа хариултыг олж чадаагүйн улмаас ямар олон хүн амьдралаа үзэн ядаж амьдардгийг, ямар олон хүн айдас дунд амьдардгийг, ямар олон хүн бүтэлгүйтэл дунд сэтгэл гундуухан амьдардгийг бодохоор харамсмаар бас гашуудмаар… Хүн бүхэнд гайхамшиг бий. Өөр хэнд ч байхгүй давуу тал ч бий. Гол нь түүнийгээ олж харах л хэрэгтэй. Үүний тулд л энэ асуултанд хариулах хэрэгтэй…

Яаж гэж үү? Яг одоо үзэг цаас аваад суу. БИ ХЭН БЭ? Гээд бич. Танд хариулт нь орж ирэхгүй бол өөр хэн мэдэж болохыг бич. Тэгээд тэднээсээ асуу. Өөр хэн ч мэдэхээргүй юм шиг байвал гадаа гараад алх. Дахиад бод. Тэгээд орж ирээд дахиад бич. Бүр орж ирэхгүй байвал гүй, унт эсвэл хийж үзээгүй зүйлээ хий. Гол нь яг одоо эхэл тэгээд олтлоо битгий зогс. Аргаа өөрчлөөд зүтгээд бай. Амжилт ойрхон байгаа!

About Sukhee

Өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг, илүү дээр амьдралыг бүтээн бий болгохыг хүсдэг, үргэлж өчигдрөөс илүү өнөөдрийн төлөө тэмүүлдэг хүсэл мөрөөдөл, гэрэл гэгээ дүүрэн тэр л амьдралыг ганцхан танд ч болов өгөх гэсэн асар том зорилгын төлөө энэхүү сайтаа 5 жилийн турш ажиллуулж байна.

Таны сэтгэгдлийг сонсъё.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.