Өөрийгөө өөрчлөх 3 алхам

Магадгүй хамгийн хэцүү зүйл бол өөрийгөө өөрчлөх. Тогтсон хэв маяг, амьдралаа өөрчилж бүхнийг шинээр эхлэх, эсвэл өөрөөр хийх. Өөрчлөлт ер нь хэзээ ч аятайхан мэдрэмжийг төрүүлдэггүй. Зөвхөн ЭХЭНДЭЭ. Голын хүйтэн усруу хүн бүхэн шууд ороод сэлчихэж чаддаггүй харин бага багаар дасгаж байгаад ордог шиг өөрчлөлт анх ирэхдээ яг л ингэж ирдэг. Тэгвэл бид өөрчлөлтөд өөрийгөө яаж бэлтгэж, яаж дасгах ёстой вэ?

  1. Эерэг бодол

За эерэг бодол гэхээр бүх зүйл сайхан болно, бүх зүйл сайхан болно, би шилдэг нь, би шилдэг нь гээд хэдэн мянга дахин давтаж хэлээд болгочихдог гэж битгий ойлгоорой. Уучлаарай гэхдээ хэзээ ч бүх зүйл нэгэн зэрэг сайхан байхгүй, би шилдэг нь гэсээр байгаад шилдэг нь болчихгүй. Харин эерэг бодол гэдэг бол тухайн нөхцөл байдалд дүгнэлт хийж, хүлээж авахдаа өөрт ашигтайгаар, эерэгээр тусгаж авахыг хэлж байгаа юм. Жишээ нь тиймээ би хангалттай биш байна, сайн биш байна, би муу байна гэдгээ хүлээн зөвшөөрчих. Үнэхээр хүлээн зөвшөөр. Онцгүй байна уу? Тэгвэл би танд эерэг бодол энэ нөхцөлд юу байх вэ гэдгийг хэлж өгье. Эерэг бодол: БИ ДАХИАД ЗӨНДӨӨ ХӨГЖИЖ ДЭВШИЖ БОЛОХ НЬ БАЙНА. МАШ ИХ ЗҮЙЛ СУРЧ БОЛОХ НЬ БАЙНА

  1. Хүрээллээ зөв бүрдүүл

100 төгрөгтэй явснаас 100 найзтай явсан нь дээр гэж нэг үг бий. Тиймээ хүнд найз нөхөд хамгаас чухал. Яагаад чухал гэхээр бидний найзууд бидний хамгийн хэцүү болоод сайхан мөчүүдэд хамт байгаад зогсохгүй тэд бидний хэн болох вэ гэдэгт хамгийн том нөлөөг үзүүлдэг. Хүн өөрөө нийгмийн амьтан болохоороо нийгэмшиж, нийгмийн харилцаанд орж амьдрах ёстой. Гэхдээ хэнтэй, хаана, ямар хугацаагаар, яаж гэдэг бол хамгийн чухал асуудал. Зарим хүмүүст 5 мин л зарцуул харин заримд нь 5 цаг зарцуул. Хэнтэй илүү удаан цаг хугацааг өнгөрөөнө, та тийм л болно. Харах өнцөг, хэлэх үг, бодох бодол тэр л хүрээнд өрнөнө. Сайн ч муу ч. Өөрийгөө та толинд хар, өнөөдөр та хэнтэй уулзах гэж байгаагаа бод, юу ярихаа бод. Хүсэн хүлээсэн амьдрал өөдөө та явж байна уу эсвэл үгүй юу? Энгийн л дээ гэхдээ хамгаас хэцүү. Үнэхээр өөрчлөгдөх зорилт тавьсан бол өөрчлөлтийг тань хамгийн зөвөөр хүлээж авч, таныг дэмжих, таныг ойлгох тэр хүрээллийг ол бас бүрдүүл.

  1. Томоор сэтгэ, хар.

За томоор гэхээр тэрбумтан, од, эрх мэдлийн талаар биш шүү. Томоор сэтгэх бол огт өөр. Ойлгомжтой болгохын тулд хэд хэдэн жишээн дээр тайлбарлая.

Жишээ 1. Шалихгүй юмнаас, шалихгүй зүйл дээр шалихгүй хүмүүстэй битгий маргалд, сөргөлд бас нударга зөрүүл. Өчүүхэн бодолтой хүмүүстэй сөргөлдөх тусам тэдний түвшинд өөрийгөө аваачдаг.

Жишээ 2. Өөрийгөө хэзээ ч битгий гол! Өөртөө сэтгэл хангалуун гэхдээ шударга бай! Дампуурчихсан яваа бол хүлээн зөвшөөр гэхдээ үргэлж өөдөө тэмүүл, үргэлж өөрийгөө хөгжүүлэх арга замыг гарцуудыг эрэлхийл, зүтгэ бий болго.

Жишээ 3. Та үргэлж илүү дээр байж чадна. Гэхдээ хэн нэгний стандартаар биш өөрийнхөө дүгнэлтээр. Жинхэнэ ахиц та өчигдрөөсөө хэр илүү байж чадаж байна вэ гэдэг дээр л харагддаг. Өөрөөр хэлбэл өөрийгөө сайжруулах, илүү чадварлаг болгох тэр зүйлсүүдийг хэзээ ч битгий үл тоо. Харин барьж аваад чаргууцалдаад бай.

About Sukhee

Өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг, илүү дээр амьдралыг бүтээн бий болгохыг хүсдэг, үргэлж өчигдрөөс илүү өнөөдрийн төлөө тэмүүлдэг хүсэл мөрөөдөл, гэрэл гэгээ дүүрэн тэр л амьдралыг ганцхан танд ч болов өгөх гэсэн асар том зорилгын төлөө энэхүү сайтаа 5 жилийн турш ажиллуулж байна.

Таны сэтгэгдлийг сонсъё.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.