Унаж босож ухаажиж амьдрахын учир

Унах, бүтэлгүйтэх гэдэг нь өөрөө тийм ч сайхан зүйл биш л дээ. Наад зах нь бүдрээд ойчиход хүртэл аймшигтай их өвдөнө. Гэхдээ хүмүүс харж байвал бантсандаа царайгаа ч үрчийлгэлгүй шүдээ тас зуугаад босоод лаг  алхаж байгаа юм чинь. Харин булан тойроод ирэхээрээ нүдэнд нулимс цийлэгнээд нээх сайхан чангаар ЯАААЯ гээд өвдгөө барьж авдаг байхгүй юу. Гэхдээ ингэлээ гээд дахиж гүйхгүй, одоо ёстой хаширсан, тайван сайхан алхсаар байгаад энэ амьдрал гээчийг чинь туучаад өнгөрье гэж боддоггүй л байхгүй юу. Хэсэг хугацааны дараа дахиад л хэзээ ч бүдэрч байгаагүй юм шиг  бөөн баясгалантайгаа гүйж нтр. Тэгсэн чинь яасан байх нь уу? Дахиад ойчсон байх нь. Энэ удаа бүр унах талаар огтхон ч зүүдлээгүй явж байгаад ёстой нээрээ тоос манартал таварч ойчлоо л доо. Ядаж байхад нь хааяа, хааяа бүдэрч унадаг, бас ойчдог гэдгээ огтхон ч мэдэгдэхийг хүсээгүй тэр нөхдүүдийн нүдэн дээр унаж нтр. Хувь тавилангийн тохуурхал гэлтэй. Өөрийг нь дандаа л амжилтаар бялхаж бүх юм нь төгс гэж боддог байсан тэр нөхдүүдийнхээ өмнө ойчоод өгч байгаам даа. Ёстой л нөгөө хүмүүсийн хэлдгээр “хошного улайж” байгаа юм чинь.

Бантсандаа нөгөө харж байсан гаруудруу харангаа “өө мангар том чулуу гэнэт гарч ирээд, шууд намайг дэгээддэг байна шдээ” гэж инээх уйлахын хооронд хэлснээ булан тойроод уйлж нтр. За тэгээд л нэг ойчоод, дахиад ойчоод, бүр дахиад ойчоод ирэхээрээ бас хал үзэж, халуун чулуу долооно гэгчээр айхтар хашир болно оо. Чулуутай замаар гүйхгүй, олон хүмүүс харж байгаа газар гүйхгүй гэх мэтээр хөөрхөн шаардлага гаргаад дахиад л гүйж байгаа юм даа. Тэгсэн дахиад л ойчлоо.  Энэ удаад ч жинхэнэ миарч байгаа юм даа. Булан тойрох ч шаардлага байхгүй, шууд л ойчсон газраа сад тавьж байгаа байхгүй юу. Би дандаа яагаад ойчиж байдаг юм бэ, би яачихсан амьтан бэ, би ер нь гүйж чадахгүйн байна, ямар аймаар өвддөг юм бэ гээд л ёстой дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гээд л сад, сад…

Ер нь тэгээд явж явж яг л энэ мөчид хүн хэн бэ гэдгээ олж мэддэг юм шиг байгаа юм. Хэцүү болох тусам нь хэдэрлээд илүү шаргуу гүйж эхлэх үү, хэзээ ч бүтэхгүй нь ээ гээд бүр мөсөн гүйхээ болих уу гэдэг сонголтыг хийж байгаа юм л даа.

Өвдөлт мэдэрч сурахаараа эрүүл байхын сайхныг ойлгодог, өрөөл бусдын өмнө доог тохуу болж үзэж байж бусдад туслахын чухлыг ойлгодог, унаж сурч байж босож сурдаг нэг ийм л амьдралаар хүн амьдардаг гэвэл буруудахгүй л дээ. Тэгээд ч тийм амьдрал дундаас хувь хүнийг бүрдүүлэгч, бүтээгч нэг гол цөм, байшингийнх нь суурь цутгагдаж  эндээс сурсан зүйлс л ирээдүйд хүн хэр хол гүйж чадах вэ гэдэг тэр АНХДАГЧ асуултын хариулт тодорхой болдог байх.

За тэгээд л ойчоо л биздээ босоод л ирнэ шдээ, долоо дордож найм сэхдэг юмаа гээд унах болгондоо ухаан сууж, босох болгондоо бүх хүчтэйгээр, бүр хурднаар гүйж сурах нь амжилт уналтын ялгааг бий болгох нь даамжиггүй.

 

About Sukhee

Өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг, илүү дээр амьдралыг бүтээн бий болгохыг хүсдэг, үргэлж өчигдрөөс илүү өнөөдрийн төлөө тэмүүлдэг хүсэл мөрөөдөл, гэрэл гэгээ дүүрэн тэр л амьдралыг ганцхан танд ч болов өгөх гэсэн асар том зорилгын төлөө энэхүү сайтаа 5 жилийн турш ажиллуулж байна.

Таны сэтгэгдлийг сонсъё.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.