ЯАГААД ӨӨР БАЙЖ БОЛОХГҮЙ ГЭЖ?

Саяхан нэг найз маань надаас асуулаа л даа .Хүн яагаад аз жаргалтай амьдрах ёстой гэж? Яагаад заавал амжилтанд хүрэх ёстой гэж?

Түүнийг яагаад гэсэн асуултыг асууж байгаад нь талархаж байна. Тийм л дээ яагаад заавал тэгэх ёстой гэж? Үнэндээ хүн амьдралд юуг ч хийхээр шийдсэн бай яагаад гэдгээ мэдэхгүйгээр, яагаад тэр зүйлийнхээ төлөө явах ёстой билээ гэдгээ мэдэхгүйгээр тэр зүйлээ хийнэ гэдэг утгагүй зүйл л дээ. Өглөө эртлэн босох амархан гэхдээ юуны төлөө, яагаад босох хэрэгтэй вэ гэдгээ тодорхойлох л хамгийн хэцүү. Тийм ч болохоор найзын маань асуулт хамгийн чухал асуулт, тодруулваас ЯАГААД.

Хүн бүхэн сайхан амралтын өдрөөрөө хүссэн цагаараа унтаж, дуртай зүйлээ хийж амарч байхад яагаад би амралтынхаа өдрийн өглөө эртлэн босоод, хүйтэн жавар, хоолой хорсгох утаан дунд зорилго, ирээдүй, хүсэл мөрөөдөл, өөрчлөлт тууштай байдал зэрэг ихэнх хүмүүсийн хувьд хэтэрхий хийсвэр ч юм шиг, утгагүй ч юм шиг тэр зүйлсийн талаар ярилцахаар, суралцахаар, үлгэрлэхээр, хуваалцахаар уулзаад байгаа юм бэ?

УТГА УЧИР.

Яагаад гэвэл ганц л олдох энэ амьдралдаа утга учиртай, урдаа тавьсан зорилготой, түүндээ хүрэх тэмүүлэлтэй, өөдөөс хүчтэйгээр салхилах салхины эсрэг зоригтой алхахын тулд хүн аз жаргал, амжилт гэсэн зүйлсийг хайдаг бас бий болгодог. Магадгүй Амжилтыг Өнөөдөр Өөрөөсөө гэдэг энэ байгууллага үүсэн бий болох болсон шалтгаан нь ЯАГААД БИ БУСДЫН Л АДИЛ АМЬДРАЛААР АМЬДРАХ ЁСТОЙ ГЭЖ? гэсэн энэ л асуулт байсан.

Тэнгэрийн одыг шүүрэх мэт санагдсан ч хамаагүй хүсэл мөрөөдөл, зорилго, тэмүүлэл гэдэг зүйлс хүн бүхэнд бий. Гэхдээ яагаад тэр зүйлээ хойш тавьж, өдөр тутмын амьдралдаа дарлагдаж, нухлагдаж ЗАВГҮЙ гэх үгэн доор мөрөөдлөө хав дарж амьдрах гэж? Яагаад тогтсон ойлголт, уламжлалт арга барил, сэтгэлгээ энэ бүхний эсрэг зогсож болохгүй гэж? Тэглээ гээд үүлэн дээгүүр нисч, мөрөөдлийн тэр газарт амьдрана гэсэн үг биш.

Харин бусдаас өөр байя, өөрөөр бодьё, харъя, сэтгэе тэгээд тэрийгээ хэрэгжүүлье оролдъё зүтгэе л гэсэн энэ л зорилго дор АМЖИЛТЫГ ӨНӨӨДӨР ӨӨРӨӨСӨӨ ТББ бий болсон.Цаашдаа ч бид энэ л хэвээрээ, энэ л эрчээрээ, өөрсдийгөө ялан дийлэхийн тулд, өөрчлөгдөхийн тулд оршин тогтнох болно. Бидэнтэй нэгдэх үү? Эс нэгдэх үү гэдэг таны л сонголт!

Гагцхүү өөрчлөгдье гэсэн хүсэл тэмүүлэл,  үзэг цаастай л хүрээд ИР!

About Sukhee

Өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг, илүү дээр амьдралыг бүтээн бий болгохыг хүсдэг, үргэлж өчигдрөөс илүү өнөөдрийн төлөө тэмүүлдэг хүсэл мөрөөдөл, гэрэл гэгээ дүүрэн тэр л амьдралыг ганцхан танд ч болов өгөх гэсэн асар том зорилгын төлөө энэхүү сайтаа 5 жилийн турш ажиллуулж байна.

2 thoughts on “ЯАГААД ӨӨР БАЙЖ БОЛОХГҮЙ ГЭЖ?

Таны сэтгэгдлийг сонсъё.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.