“Бодит амьдрал”-д бууж өгөхийг хүсээгүй МӨРӨӨДӨГЧ танд

(Амьдрал хэмээх аялалын тэмдэглэлээс)

За одоо ингээд  амьдрал гэдэг зүйл ч эхэлж байгаа байх даа…гэсэн нэг тийм гэнэн ч юм шиг, сониуч  ч юм шиг тэр бодол онгоцонд суун хилийн дээс алхан гарч байх тэр үед зурвасхийж билээ.  Намайг юу хүлээж байгаа бол, би ямар байх бол, надад юу тохиолдох бол, би чадах болов уу, хэцүү байвал яах уу гээд л өч төчнөөн бодлууд толгойд минь эргэлдээд л. Харин нэг л мэдэхэд 5 жил өнгөрч буцах цаг болсон.  5 жилд юу болсон гэж үү? Сайхан, муухай гунигтай, дурсамжтай, алдсан, оносон, уйлсан дуулсан гээд л миний нөгөө гайхан бодож байсан амьдрал гээч зүйл л утгаараа өрнөсөн.

Гэхдээ нэг маш чухал зүйлийг олж чадсан гэж бодож байлаа. Амьдрал бол аялал гээд л ярьдаг шүү дээ харин би тэр энэ аялалынхаа туршид хаана хүрэхээ олсон гэж бодож байлаа. Тэрэндээ баярлаж хөөрөөд л үүлэн дээгүүр ниссээр аялалаа цааш үргэлжлүүлсэн байхгүй юу. Нэг хөөрхөн жижиг  клуб ажиллуулаад л, ном сэтгүүл уншаад л, энд тэнд илтгэл танилцуулаад л, сургалт семинарт хамрагдаад л чухамхүү л сүрхий нь аргагүй урагшаа зүтгэсэн л дээ. Гэм нь нөгөө үүлэн дээгүүр нисэж аялж байсан хүн чинь яг нөгөө газар буугаад ирэхээр ёстой л нөгөө их хааны маань хэлснээр “Мориноосоо буулгүй дэлхийг байлдан дайгуулахад амархан, мориноосоо буугаад улсаа төвхнүүлэх амар биш” гэдэг л болсон. Эхнээсээ л бэрхшээл саадуудтай тулгарсан.  Аялалаа цааш нь үргэлжлүүлмээр байвал тодорхой санхүүжүүлэлт шаардах нь ойлгомжтой болоод ирлээ л дээ. Тэгээд л яах уу бусдын л адил ажилд ороод л аяллаа санхүүжүүлэх “8н нэрийн дэлгүүр”- тэй болж байгаа юм л даа. За ингээд л нэг хэсэг ажил ч хийнэ, аяллаа ч үргэлжлүүлдэг баатар болох гээд үзсэн. Үгүй яах вэ муугүй шүү үргэлжлүүлж болоод байна. Гэтэл хэсэг хугацааны дараа нөгөө “8н нэрийн дэлгүүр” гэж л бодож байсан ажил гэдэг зүйл чинь нөгөө аяллаас маань хамаагүй илүү чухал болоод ирчихсэн аялал гэж харин нэг үлгэн салган хачин зүйл болоод хувирчихсан. Дахиад хэсэг хугацаа өнгөртөл, ажил гэдэг зүйл гэнэт сонирхолтой ч юм шиг санагдаад, нөгөө аялал энээ тэрээгээ бүр мартаж нтр.

Магадгүй аялал нтр гэж дэмий юм бодож байжээ юу ч мэдэхгүй юм байж юун ч сүрхий юм бодож байсын. Бодит амьдрал дээр чинь хүмүүс өөр амьдардаг юм байна шдээ. Ажил хийнэ, зээл авна, байр машин авна, гэр бүлтэй болно, зээлээ төлнө тэгээд л дараа нь жам ёсоороо хөгшрөөд л тэгээд л амьдрал гэдэг чинь ийм циклтэй явдгийн байна гэсэн бодол тархинд тавлан сууж, би гэдэг хүн нөгөө бодит байдал гэдэг зүйлтэй аймаар эвлэрлээ л дээ.

Эхэндээ дажгүй шүү, бүхнийг төлөвлөөд явбал хэдэн жилийн дараа байр машин гээд л хэрэгтэй зүйлүүдтэй болчихоор. Магадгүй өшөө сайн шаргуу ажиллавал албан тушаал дэвшчихнэ гээд л ирээдүй лаг гэрэл гэгээтэй сайхан харагдаж байгаа юм чинь. Харамсалтай нь цаг хугацаа өнгөрөх тусах нэг л биш болоод байдаг байна шүү.  10н жилийнхээ монтажийг хадгалдаг шигээ тээр далд шүүгээнд хийчихсэн байсан нөгөө аялалын тухай бодлууд маань бага багаар сэргэж, ажил ажил гэх бодлууд бага багаар нимгэрч, авах сэтгэл ханамж таашаал алга сөөмөөр буураад л… Маажихгүй л бол аяллын тухай бодол маань оюун санааг минь учиргүй ихээр гижигдээд бүр байж сууж чадахаа болих шинжтэй.

Ер нь ямар ч зүйл харагдаж байгаа шигээ амар хялбар, энгийн эсвэл сайхан муухай байдаггүй юм байна лээ лдээ. Хүн өөрөө л ухаж төнхөж, оролдож үзэж байж л өөрөө өөрийнхөө яс маханд шингэтэл ойлгуулж чаддаг юм байна гэдгийг одоо л нэг ойлгоод байх шиг байна. Утга учиртай, сэтгэл хангалуун, харамсах зүйлгүй амьдрах гэдэг л яг үнэндээ хамгийн дээд аз жаргал. Аа харин юу таны амьдралыг тийм болгох вэ гэдгээ олж мэдэх нь ерөөсөө л аяллынхаа газрын зургийг олох шиг л чухал зүйл. Тийм ч болохоор яг одоо тээр далд шүүгээнд хийгээд орхисон аяллын тухай бодлууд өөдөөс минь инээмсэглэн хараад “санаснаас хамаагүй хурдан” эргэж ирлээ шүү гээд сууж байх юм.

Цэвэрлэгч, зөөгч, тогооч, барилгачин, бизнесмэн, мужаан, менежер гээд та хэн ч бай магадгүй танд надтай л адил тээр далд шүүгээнд  хийгээд орхисон бусдад хэлэхэд ичмээр ч юм шиг тэр л аяллын тухай бодлууд байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Гэхдээ гагцхүү тэр л аялалд бүх утга учир байгаа гэдэгт ч би бас эргэлзэхгүй байна. Тиймээс ч ганцхан зүйлийг л хэлье. Явж очоод тэр шүүгээгээ уудал. Тэр аялалд та заавал гарах ёстой. Учир нь бид нэг л амьдрана, бидэнд хүссэн аялалдаа гарах нэг л боломж байгаа. Ганцхан юмыг алдаад яахийн бэ тэ… тэгээд ч мөрөөдөгчид хэзээ ч оройтдоггүй юм

 

About Sukhee

Өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг, илүү дээр амьдралыг бүтээн бий болгохыг хүсдэг, үргэлж өчигдрөөс илүү өнөөдрийн төлөө тэмүүлдэг хүсэл мөрөөдөл, гэрэл гэгээ дүүрэн тэр л амьдралыг ганцхан танд ч болов өгөх гэсэн асар том зорилгын төлөө энэхүү сайтаа 5 жилийн турш ажиллуулж байна.

Таны сэтгэгдлийг сонсъё.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.