Сонголт

Жаалхүү гүйж байгаад чулуунд бүдрээд ойчиж л дээ. Өвдгөө шалбалж цус шүүрэн хачин ихээр өвдөж гэнэ. Харин одоо энэ үйл явдалд ямар хариу үйлдэл үзүүлэх вэ гэдэг бодол жаалхүүгийн толгойд хэдэн янзаар эргэлдэн орж ирэв.

Үнэхээр их өвдөж байгаа болохоор өвдгөө тэврэн уйлаад хэвтмээр санагдаж гэнэ.

Түүний гүйх замд ‘гэнэт’ гарч ирсэн тэр муу өөдгүй чулууг хачин ихээр үзэн ядаж гэнэ.

Намайг шахсаар байгаад яг энэ чулуутай газраар гүйлгэсэн муу өөдгүй амьтад, та нарыг ээж аавдаа хэлнэ дээ хэмээн найзууддаа гоморхож гэнэ.

Яагаад заавал би дандаа ингэж унаж гэмтэж байдаг юм бэ, надад шударга бус байна хэмээн өөрийг нь үргэлж санаатайгаар унагаадаг байж мэдэх “хэн нэгэнд” магадгүй бурханд гомдоллож гэнэ.

Нилээд уйлан суусны эцэст жаалхүү дахиж хэзээ ч гүйж байхгүй, намайг бүдэргэж унагасан та нарт бүгдэд нь гомдлоо хэмээн гэрийн зүг доголон алхсаар оджээ.

Мораль:

“Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр” хэмээх ардын сайхан мэргэн үг бий. Амьдралд гэнэтийн, урьдчилан таамаглаагүй, хэцүү бэрхшээлтэй зүйлс олон тохиолддог. Магадгүй өөр өөр цаг хугацаанд, өөр өөр хэлбэрээр байх гэхдээ хамгийн гол нь бид нарт бүгдэд нь тохиолддог. Харин тэр бүхэнд бидний үзүүлэх хариу үйлдлүүд амьдралд бид урагшлах уу эсвэл ухрах уу гэдгийг тодорхой болгож өгдөг. Черчиллийн хэлсэн шиг “хандлага гэдэг өчүүхэн жижиг зүйл боловч асар том ялгааг бий болгодог.”

Ихэнх тохиолдолд бид ямар нэг хэцүү бэрхшээлтэй зүйлтэй тулгарахаараа хамгийн түрүүнд өөрсдийгөө хохирогч хэмээн бодож түүндээ итгэж эхэлдэг. Дараа нь харин тэр зүйлийг бий болгосон “гадны хүчин зүйлс”-ийг хайн эрэлхийлж яагаад ийм болов гэдэг шалтгааныг олж буруутныг зэмлэхээр ханцуй шамлан зүтгэдэг.

Сонсохыг хүссэн ч бай, хүсээгүй ч бай бидэнд тохиолдсон тэр зүйлсийг бий болгоход их бага хэмжээтэйгээр бид заавал оролцсон байдаг. Гүйж яваа замаа харалгүй дээгүүр харж гүйснээсээ болоод, эсвэл хэтэрхий хурдан гүйж байснаасаа болоод бүдэрч унасан хэрнээ огт тэгж бодохгүй байгаа тэр жаалын адил бид үргэлж өөрөөсөө бусдыг буруутгаж, зэмлэж амьдардаг. Харамсалтай нь эндээс ямар ч сайн сайхан үр дүн гардаггүй. Өөрөөр хэлбэл өө би замаа сайн харж гүйх ёстой байсан байна шүү дээ гэдгийг ухаарах тэр мөчид амьдралдаа хийж бүтээх байсан хамгийн боломжтой цаг үе нь нэг л мэдэхэд өнгөрөн одсон байдаг.

Эцэст нь хэлэхэд бид нар хариуцлагатай байж сурах хэрэгтэй.Сайхан ч, муухай ч бай бидний амьдралд бий болж буй нөхцөл байдалд бид өөрсдөө хариуцлага хүлээх хэрэгтэй. Шалтаглал, бусдыг зэмлэх зэргээ хаяад өөрөө өөрийнхөө амьдралд 100 хувь хариуцлага хүлээж сурах хэрэгтэй. Тэгсэн цагт л хүн өөрөө өөрийнхөө хувь тавиланг бүтээж, амьдралаа бүрэн дүүрэн залдаг болох болно. Яг л “өөрөө унасан хүүхэд уйлдаггүй” гэдэг шиг.

About Sukhee

Өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг, илүү дээр амьдралыг бүтээн бий болгохыг хүсдэг, үргэлж өчигдрөөс илүү өнөөдрийн төлөө тэмүүлдэг хүсэл мөрөөдөл, гэрэл гэгээ дүүрэн тэр л амьдралыг ганцхан танд ч болов өгөх гэсэн асар том зорилгын төлөө энэхүү сайтаа 5 жилийн турш ажиллуулж байна.

Таны сэтгэгдлийг сонсъё.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.