Зүгээр л үсэрчих..

Нэгэн өвгөн хэсэг залуусаас “та нарын хэн чинь газраас 2 метр үсэрч чадах вэ?” гэж асуужээ.

“Би чадахгүй, чадахгүй байх аа, мэдэхгүй байна, би чадна, чадна гэж бодож байна, чадаж ч магадгүй” гэх мэтийн маш олон төрлийн хариултууд өвгөнд иржээ.

Харин тэдэнд өвгөн хэлэхдээ “та нарын хэнд чинь ч би итгэхгүй байна надаа зүгээр л үсрээд харуулчих” гэсэн гэдэг.

Хийхийг хүсдэг зүйлээ бодож, хэн нэгэнд ярьж, өөртөө хэлэх гэдэг амархан зүйл. Ихэнх хүмүүс хүсэл мөрөөдөлтэй, зорилготой амьдардаг ядахдаа л тэгж ярьцгаадаг бас боддог. Гэхдээ өөрсдөө ч мэдэлгүй өөрсдийгөө ч, өрөөл бусдыг ч үг хэлээрээ, бодол санаагаараа хуурч, ярьсан шигээ амьдарч буй дүр үзүүлж явах нь дэндүү олон.

Би ирээдүйд саятан болохыг хүсдэг, би бодибилдингийн аварга болохыг хүсдэг, би хангалуун амьдрахыг хүсдэг, би дэлхий тойрон аялахыг хүсдэг, би амжилттай бизнесмэн болохыг хүсдэг, би сайд дарга бүр ерөнхийлөгч болохыг хүсдэг, би зүгээр л сайхан гэр бүлтэй болохыг хүсдэг, би жинхэнэ хайрыг олохыг хүсдэг гэх мэтчилэн тоочоод байвал дуусахааргүй их зүйлийг хүмүүс ярьдаг.

Хүн хүсэл мөрөөдөлтэй, зорилготой, тэмүүлэлтэй байна гэдэг үнэхээр сайхан хэрэг ГЭХДЭЭ хүсэл мөрөөдлөө цаасан дээр хичнээн бичлээ ч, найзууддаа хичнээн ярьлаа ч хүн өөрөө л түүнийхээ араас бодитой үйлдлийг хийж эхлэхгүй юм бол мөрөөдөл гэдэг зүйл элсэн дээр барьсан байшингаас ялгаагүй зүйл.

Заримдаа бусдад өөрийнхөө мөрөөдлийнхөө талаар үргэлж ярьсаар байгаад яг л 10н жилд албадуулан байж цээжилж уншиж өгч дүнгээ авсныхаа дараанаас нь шууд мартаж эхэлдэг тэр шүлгийн мөртүүд шиг л хэнд ч хэрэггүй, үнэ цэнэгүй, асуултын хариулт, амны зугаа болж өнгөрөх нь тэр.

Энд юу хэлэх гээд байна вэ гэж үү? Хүн юу ч гэж хүсч мөрөөдөж болно бүр мөрөөдөх ч ёстой. Гэхдээ хүн зүүдэндээ мөрөөдөх мэт ярьж амьдрах бус зүүднээсээ сэрж амьдрал хэмээх боксын рингэн дээр өөрөө өөрийнхөө сул тал, айдас, бэрхшээл мэтийн дайснуудтай халж тулалдаж мөрөөдлөө бодит болгохын тулд амьдрах хэрэгтэй. Тэгж байж л сая утга учир гэдэг зүйл амьдралд бий болно.

Мөрөөдлийнхөө төлөө та өнөөдөр, яг одоо юу хийж байна вэ?

Мөрөөдлийнхөө талаар уран цэцэн бурмын үгээр хэн нэгнийг эсвэл өөрийгөө бялхтал цатгаж байна уу эсвэл хатуу ширүүн, хөндий хүйтэн бүхний эсрэг ханцуй шамлан тэмцэж мөрөөдлөө мөдхөн бодит болгох гээд зүтгэж явна уу? Та өөрөөсөө нэг асуугаад үзээрэй.

Дүр үзүүлж биш үнэнчээр үлгэр жишээ болж амьдарцгаая.

About Sukhee

Өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг, илүү дээр амьдралыг бүтээн бий болгохыг хүсдэг, үргэлж өчигдрөөс илүү өнөөдрийн төлөө тэмүүлдэг хүсэл мөрөөдөл, гэрэл гэгээ дүүрэн тэр л амьдралыг ганцхан танд ч болов өгөх гэсэн асар том зорилгын төлөө энэхүү сайтаа 5 жилийн турш ажиллуулж байна.

Таны сэтгэгдлийг сонсъё.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.