Бодлын үзүүрт итгэл

Замын хажуугаар эгнэн ургасан ногоон өнгөтэй, тэнгэр өөд тэмүүлэн байх байгалийн бүтээлийг ажиглалаа. Хүчилтөрөгч үйлдвэрлэж, агаарыг цэвэршүүлж бидний амьдралыг тэтгэгч түүнийг мод хэмээнэ. За тэгээд л мод маань дотроо өндөр нам, өргөн бүдүүн, сайхан муухай, шар ногоон, навтай навчгүй гээд л ер нь ангилаад л байвал дуусахгүй олон төрөлтэй эд. Яг л хүмүүс бид тоолж баршгүй олон янз байдагтай адил юм даа.

Замаар яваа зорчигч бид түүнийг нүднийхээ үзүүрээр л гүйлгэж хараад өнгөрнө. Хараад энэ мод байна гэдгийг нь шууд мэднэ гэхдээ мод гэдэг үг нь үнэндээ утгаа алдсан нүдний үзүүрт торойх нэг зүйл л тэнд харагдана. Харин одоо автобусанд яваа, машинд яваа зорчигч та замын хажуугаар  тань эгнэн ургасан тэр мод хэмээгч зүйл дээр харцаа тогтоогоод нэг хараарай. Учир нь….

Тэнд амьдрал өрнөж байна. Тэнд шинээр бяцхан навчис, бяцхан мөчрүүд урган бий болж байна. Ургаж гүйцээд удсан нэгэн нь газар унаж байна. Зарим навч нь том далбагар байхад зарим нь жижигхэн бөөрөнхий болон ургаж байна.

Тэнд өрсөлдөөн явагдаж байна. Зарим мөчир нь бусдаасаа илүү урт ургажээ. Тэдгээр мөчрийн навчнууд нарны илч гэрэл, бороо хур чийгийг бусдаасаа түрүүнд хүртэж, илүү том, илүү ногоон сайхан харагдаж байна. Магадгүй тэд эерэг бодлын хүчээр энэ амжилтад хүрсэн байх. Харин урт ургаж чадаагүй нэгнийх нь навчис нь улам жижгэрч, өнгөө алдан, хатаж хорчийн юу юугүй тасарч унах нь дээ гэмээр харагдаж байна. Тэд амьдралаа аз завшаан бус зовлон бэрхшээл гэж харж байж ч мэдэх юм.

Тэнд өөрчлөлт явагдаж байна. Намар цаг айсуй гэдгийг тэд хэнээс илүү сайн мэдэж байгаа. Улирал бүхэнд тэд өнгө өнгийн хувцсаар гангардаг учраас улирал солигдож өөрсөддөө өөрчлөлт хийхийг тэд хамгаас их хүснэ. Харин хүмүүс бид өөрчлөлт гэхээр яадаг билээ?

Тэнд хүсэл тэмүүлэл өрнөж байна. Мод өөрийгөө хэр өндөр ургана гэж боддог бол? Хариулт нь маш энгийн. Ургаж болох хамгийн өндөртөө тултал ургах болно. Тийм ч болохоор мод өөрт буй бүх боломж бололцоогоо ашиглан тэнгэр өөд тэмүүлдэг. Харин бид юу ч болсон өөрсдийнхөө хамгийн сайныг харна гэж зүтгэдэг бил үү?

Энэ бол ганцхан модонд өрнөж буй АМЬДРАЛ. Дараагийн удаа моддыг гүйлгээд харах бус тогтоод нэг хараарай. Түүний навч бүхнийг, мөчир бүхнийг удтал нэг ширтээд үзээрэй. Таны төсөөлж ч байгаагүй тэр амьдрал тэнд л өрнөж байна. Түүний амьдралаас суралцах зүйл ч бидэнд их байна.

Бодлын үзүүрт итгэл болон гэрэлтсэн мод чамд баярлалаа.

About Sukhee

Өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг, илүү дээр амьдралыг бүтээн бий болгохыг хүсдэг, үргэлж өчигдрөөс илүү өнөөдрийн төлөө тэмүүлдэг хүсэл мөрөөдөл, гэрэл гэгээ дүүрэн тэр л амьдралыг ганцхан танд ч болов өгөх гэсэн асар том зорилгын төлөө энэхүү сайтаа 5 жилийн турш ажиллуулж байна.

Таны сэтгэгдлийг сонсъё.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.