Уулыг ганцхан талаас авирдаггүй…

Амьдрах сайхаан, урдаа тавьсан зорилготой, түүндээ хүрэх тэмүүлэлтэй амьдрах бүр ч сайхан. Мөрөөдөл хаанаас эхтэй байдаг бол гэж та урд нь бодож байсан уу? Голдирлон урсах гол бүхэнд эхлэл гэж байдгийн адил бидний мөрөөдөл ч гэсэн хаа нэгтээгээс эх авдаг болов уу та хааяа нэг гайхширч байсан уу?

Мөрөөдөл хэмээх энэ уртаас урт гол дотоод сэтгэлийн гүнээс, хүсэл тэмүүллээс, гэр бүлийн амьдралаас, өөрийн үзэж өнгөрүүлсэн бодит туршлагаас, өрөөлийн хэлсэн үгнээс, өөртөө итгэх итгэлээс эх аван амьдрал хэмээх саад бартаат, олон даваа нугачаатай, муруй тахир замаар бэрхшээл бүхнийг даван туулж урссаар аз жаргал хэмээх их далайд цутгадаг. Мөрөөдөлтэй, мөдхөн түүндээ хүрэхийг хүсэн тэмүүлдэг хүний нүднээс чи амьдралын утга учрыг бүхлээр нь биш юм аа гэхэд чухал хэсгийг нь заавал ойлгодог юм гэж нэгэн хүн надад хэлж байсныг би хэзээ ч мартаагүй. Учир нь тэр надад үнэнийг хэлсэн.

Харин одоо би таниас мөрөөдөлдөө хүрэх ганцхан зам байдаг уу гэж асууя. Голын урсгал далайд нийлэхийн тулд замдаа таарсан өндөр уулыг давж гардаг бил үү, дов толгод хад чулуу бүхнийг нэвт дайраад гардаг билүү, үргэлж чигээрээ урссаар зорилгодоо хүрдэг бил үү гэж би таниас дахин асууя. Үгүй л болов уу. Таны мөрөөдлийн зам бол далайруу тэмүүлж буй голын урсгалын зам, таны мөрөөдлийн зам бол ууланд авирахаар зэхэж буй уулчны авирах тэр зам.  Тэдний аль нь ч засмал дардан замаар, чигээрээ явсаар байгаад зорилгодоо хүрээгүй тэд замаасаа хазайсан, тойрсон, буцсан, унасан бас зогссон.

Гэвч тэдэнд нэг онцлог байсан. Энэ нь тэд хэзээ ч бууж өгөөгүй, үргэлж мөрөөдлийнхөө төлөө тэмүүлж бас баттай зогсож чадсан. Таны хувьд өнөөдөр ямар өдөр байсныг би мэдэхгүй гэхдээ хэрвээ та шантарч байгаа бол, хэрвээ та мөрөөдөлдөө бууж өгөх гэж байгаа бол, хэрвээ та өөрийнхөө хүсч мөрөөддөг тэр амьдралд хүрч чадахгүй нь хэмээн гутарч суугаа бол би таныг дахин нэг бодоод үз гэж зөвлөх байна.

УЧИР НЬ УУЛЫГ ГАНЦХАН ТАЛААС НЬ АВИРДАГГҮЙ!

About Sukhee

Өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг, илүү дээр амьдралыг бүтээн бий болгохыг хүсдэг, үргэлж өчигдрөөс илүү өнөөдрийн төлөө тэмүүлдэг хүсэл мөрөөдөл, гэрэл гэгээ дүүрэн тэр л амьдралыг ганцхан танд ч болов өгөх гэсэн асар том зорилгын төлөө энэхүү сайтаа 5 жилийн турш ажиллуулж байна.

3 thoughts on “Уулыг ганцхан талаас авирдаггүй…

  1. Таны нийтлэлүүд үнэхээр хүчтэй….Жинэхэн сэргээш гэдэг нь энэ байхаа..Баярлалаа танд бас амжилт хүсье !

Таны сэтгэгдлийг сонсъё.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.