Бодлоготой эргэцүүлэл-1

Баярлалаа.

Ердөө л есхөн үсэгтэй ганцхан үг. Гэхдээ энэ үгэнд ид шидийн хүч бий. Далайг хувааж, уулыг өргөх тэр ид шидийн хүч биш харин сэтгэлийг уярааж, амьдралыг гэрэлтүүлэх хүч энэ үгэнд бий. Гэхдээ би энд зүгээр нэг мөрөн дээгүүрээ давуулаад чулуудаад хаяж байгаа хог мэт хальт мульт хэлэгддэг “баярлалаа”-г яриагүй, амнаасаа алт унагах гэж байгаа мэт үсгээ зөөн ядан хэлдэг “баярлалаа”-г яриагүй, албан хүчээр гуйлгаж байж хэлүүлдэг ууртай “баярлалаа”-г яриагүй. Би энд нүдрүү минь эгцэлж харж байгаад чин сэтгэлээсээ хэлэгддэг “БАЯРЛАЛАА”-г, араас нь үргэлж “инээмсэглэл” бонустай ирдэг “БАЯРЛАЛАА”-г, сэтгэл хөдөлж нисэх мэт болгож чаддаг тэр “БАЯРЛАЛАА”-г ярьж байна.

Хэн нэгэнд чин сэтгэлээсээ талархаж, талархсан сэтгэлээ сайхнаар илэрхийлж, энэ хорвоогийн хамгийн сайхан үгсийн нэг “баярлалаа”-г харамгүйгээр хэлж чаддаг тэр хүн ид шидийн хүчтэй. Аадар бороо асгарсан юм шиг аягүй өдрийн нар болж чадах хүч, айхтар гомдсон сэтгэлийг тайтгаруулах тэр хүч, амьдрах итгэл алдарсан үед хонгилын үзүүрт гэрэл болж чадах тэр хүч гагцхүү тэр хүнд л бий.

Баярлалаа. Энэ сайхан үгээ өдөр тутмынхаа амьдралд аль болох илүү их ашиглаж байвал амьдрал илүү амар амгалан болж амьдралаас авах сэтгэл ханамж илүү их болох биш гэж үү.

“Баярлалаа”-г цаг гарган уншсан танд баярлалаа.

 

About Sukhee

Өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг, илүү дээр амьдралыг бүтээн бий болгохыг хүсдэг, үргэлж өчигдрөөс илүү өнөөдрийн төлөө тэмүүлдэг хүсэл мөрөөдөл, гэрэл гэгээ дүүрэн тэр л амьдралыг ганцхан танд ч болов өгөх гэсэн асар том зорилгын төлөө энэхүү сайтаа 5 жилийн турш ажиллуулж байна.

Таны сэтгэгдлийг сонсъё.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.