Өөрийгөө ялан дийлэх нь!

Ялалт гэж ярихад хамгийн түрүүнд бидний нүдэнд юу төсөөлөгддөг билээ? Баяр баясгалан, бахархал, цог заль бас сэтгэл ханамж. Ялалтад хүрсэн бас ялж сурсан хүмүүс цаанаа л нэг өөр харагдаж, өөр алхаа гишгээтэй байдаг. Тэгвэл ялалт, ялалтуудын дундаас хамгийн чухал нь яг юу бол?

ӨӨРИЙГӨӨ ЯЛАН ДИЙЛЭХ. Үнэхээр та амьдралдаа энэ ялалтыг бий болгож чадах юм бол та энэ хорвоо дээрх хамгийн том дайснаа ялан дийллээ л гэсэн үг. “Хүн бол өөрөө өөрийнхөө хамгийн том дайсан” гэж хаа нэгтээгээс та сонссон байх магадгүй өөрөө хүртэл хэлж, ярьж ашиглаж байсан байх. Тэгвэл таниас би яагаад гэж асууя, яагаад хүн өөрийнхөө хамгийн том дайсан нь юм бэ? Дайсан гэхээрээ л бид гудманд өөрсдийгөө заамдан авч цохиод, аль болох бүтэлгүйтээсэй гэж хүсээд, яаж ийж байгаад л өөрсдийгөө хорлочих гээд байдаг бил үү? Огтхон ч үгүй.

Өглөө эртлэн босохийг хүссэн боловч нойрондоо дийлдээд унтаж буй хүн, цагийн юмыг цагт нь хийлгүй хойш тавьж буй хүн, уучлалт гуйх зүйл дээр бардам зандаа дийлдэн уурлаж буй хүн гээд л тоочоод байвал тухайн үед хийх ёсгүй, хэлэх ёсгүй гэдгээ мэддэг боловч эсрэгээр нь хийж таараад байдаг тэр зүйлүүд бидэнд олон бий. Харин яагаад та энд  өөрийнхөө дайсан нь болдог вэ гэвэл энэ бүгдийг хийхэд таныг хэн нэгэн хавчиж шахаагүй, дарамтлаагүй бас хүчлээгүй ТА өөрөө сонголтоо хийж шийдвэрээ гаргасан. Таныг таниас өөр хэн ч хянаж байгаагүй гэхдээ та буруу шийдвэр гаргасан үүнд л гол учир нь бий иймээс л та бол өөрийнхөө хамгийн том дайсан.

Хэн энэ ялалтад хүрэхгүй вэ?

Хий хоосон бардамнаж үргэлж хийхээсээ хэлэх нь урьтаж байдаг тэр хүмүүс, өөрийн айдасдаа хөтлөгдөн аливааг хийж үзэхээс, туршиж үзэхээс үргэлж эмээдэг бас эхэлсэн зүйлээ хэзээ ч дуусгадаггүй шантрамтгай хүмүүс энэ ялалтад хүрэхгүй бүр бодоод ч хэрэггүй.

Тэгвэл хэн хүрэх вэ?

ТА. Энэ дэлхий ертөнц дээр байгаа бүх хүмүүс өөрийгөө ялан дийлж чадна. Гэхдээ та хамгийн түрүүнд хэрвээ дээр дурдсан чанарууд танд байгаа бол тэдгээрийг заавал арилгах шаардлагатай. Харин дараа нь дараах зөвлөгөөг хэрэгжүүлээд үзээрэй гэж зөвлөх байна.

Хамгийн түрүүнд та өөрийгөө танин мэд. Би хэн юм бэ, би хэн болох вэ, би энэ амьдралаас юуг хүсээд байна вэ гэдгээ зүрх сэтгэлийнхээ гүнээс та мэддэг байх хэрэгтэй. Үүнийг олж мэдэх олон арга бий. Жишээлбэл та өөрөөсөө асуух. “Би хэн юм бэ, би юуг хийхдээ хамгийн аз жаргалтай байдаг юм бэ?” Энэ асуултыг та өөрөөсөө асуу. Зүгээр нэг асуугаад өнгөрөх биш байнга асуу, мартахгүйн тулд орныхоо дээр бичиж тавь, тэмдэглэлийн дэвтэртээ бич, ариун цэврийн өрөөндөө хүртэл бичиж тавь. Хариулт зөвхөн таны дотор байгаа харин тэр хариулт тийм ч амар гарч ирдэг зүйл биш.  Дахин дахин, эцэж цуцалгүй өөрөөсөө энэ асуултыг асуу энэ асуултын талаар бодохгүй байх нэг цагийн ч гэсэн эрх чөлөөг өөртөө битгий олго. Хариултаа олно гэдэгтээ хичнээн удсан ч гэсэн хэзээ ч битгий эргэлз.

Харин дараа нь та өөртөө ямар гайхалтай зүйлс байдгаа олж мэд бас тэдэндээ талархаж сур. Жим Рон хэлэхдэээ хэрвээ амьдралаас илүү ихийг хүсч байвал яг одоо өөртөө байгаа тэр зүйлсдээ талархах хэрэгтэй гэсэн байдаг. Тэгвэл танд юу байдаг юм бэ?

Өөр хэн нэгэнд байдагүй, байсан ч болоосой гэж мөрөөддөг, байлгахын тулд юугаа ч өгөхөөс буцахгүй тэр зүйлс танд бий. Энэ бол таны бие мах бодь.  Хорвоогийн түмэн өнгийг тольдох 2 сайхан нүд чинь, хайртай бүхнээ тэврэх боломж өгдөг 2 сайхан гар чинь, хүссэн газар чинь хүргэж өгдөг 2 сайхан хөл чинь гээд л тоочоод байвал танд мөнгөөр үнэлэгдэхгүй тэр гайхалтай зүйлс байгаа.  Та тэдэндээ хамгийн сүүлд хэзээ талархсан бэ?

Хүсэл мөрөөдлийнхөө араас өөрийн дураар тэмүүлэх тэр эрх чөлөө энэ дэлхийн бүх улс оронд байгаад байдаггүй. Коммунист засаглалын дор өсч торнисон бүх хүмүүс мэднэ. Мөрөөдөл, хүсэл эрмэлзлэл, эрх чөлөө гэдэг тэр зүйл хатуу хяналт, удирдлага дор байж бүх зүйл таны бус хэн нэгэн өөр хүний хүслээр явдаг байсан. Гэтэл өнөөдөр энэ ардчилсан нийгэмд ЭРХ ЧӨЛӨӨ байна. Хүний хүү хүсэл мөрөөдөлтэй, зорилготой л бол хэн ч болж болох боломж нь байна. Та эрх чөлөөндөө талархдаг уу?

Өөрийгөө ялан дийлэхэд хүрэхэд хамгийн чухал зүйл бол ТУУШТАЙ байдал. Эхэлсэн зүйлээ дуусгадаг, замын дундаас буцдаггүй байх тэр чадвар. Ер нь аливаад хамгийн ухаалаг нь эсвэл хамгийн хүчирхэг нь ялдаг бус харин хамгийн тэвчээртэй бас тууштай байж чаддаг нь ялдаг гэж нэгэн зохиолч хэлсэн байдаг. Үнэхээр урдаа зорилго тавиад аливааг эхэлсэн бол замд чинь сүүдэр гарж, бороо орж, хуй салхи тохиолдсон ч битгий зогс заавал эцсийг нь бас төгсгөлийг нь үз.

Эцэст нь хэлэхэд өөрийгөө хэн гэдгийг мэддэг, хэн болохыг хүсдэгээ тодорхойлсон, өөртөө байгаа зүйлсдээ талархаж чаддаг хүн хэзээ д ч хаана ч өөртөө итгэлтэй байж аливаад тууштай хандаж чаддаг.

Ялалтад хэн хүрдэг вэ?

                Ялалтад тууштай шантрамтгай бус хүн л хүрдэг.
Яаж тууштай байх вэ?

                Өөртөө итгэлтэй байх хэрэгтэй.
Яаж өөртөө итгэлтэй болох вэ?

                 Чадварлаг болох хэрэгтэй.
Яаж чадварлаг болох вэ?

                Дадлага. Аливаа зүйлийг дахин дахин хийж байж бид дадлагажиж бас                                                                 чадварлаг болдог.

 

Танд амжилт хүсье.

About Sukhee

Өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг, илүү дээр амьдралыг бүтээн бий болгохыг хүсдэг, үргэлж өчигдрөөс илүү өнөөдрийн төлөө тэмүүлдэг хүсэл мөрөөдөл, гэрэл гэгээ дүүрэн тэр л амьдралыг ганцхан танд ч болов өгөх гэсэн асар том зорилгын төлөө энэхүү сайтаа 5 жилийн турш ажиллуулж байна.

2 thoughts on “Өөрийгөө ялан дийлэх нь!

Таны сэтгэгдлийг сонсъё.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.