ХАРАМЧ БАЙ!!!

Тиймээ харамч бай. Ялангуяа хүнд өгчихөөр эргүүлж олддоггүй тэр зүйлдээ хамгаас харамч бай.

Тэр юу вэ гэж үү? ЦАГ ХУГАЦАА. Бид хичнээн хүссэн ч бидэнд илүү ч дутуу ч үгүй тодорхой хязгаартай оноогддог тэр зүйл бол цаг хугацаа. Хязгаартай болохоороо тэр өдөр ирэх тусам хорогддог харин энэ хорогдлыг зогсоох ямар ч боломжгүй. Урсан өнгөрөх өдөр бүхэн, минут бүхэн, секунд бидэнд оногддог тэр багахаан хугацаанаас маань хасагдсаар байгаа.

Асуулт: Өнөөдөр ямар өдөр байв даа?

Хариулт: Яахав дээ байдаг л нэг өдөр ямар ч байсан ард нь гарчлаа.

Гэтэл өнөөдөр гэдэг бүхэл бүтэн 24 цаг бидний амьдралын цаг хугацааны түрийвчнээс “зарлага” болоод гараад явчихсан байна шүүдээ.  Эргэж хэзээ ч олдохгүй тэр үнэт зүйл. Ямар ч үр бүтээлгүй, хий дэмий, яаж ийж байгаад өнөөдөрт ногдсон тэр хугацааг өнгөрөөчихлөө гээд бодохоор хайран биш гэж үү? Бид түрийвчнээсээ шууд 24,000₮ гаргаад хогын савруу чулууддаг бил үү? Хэзээ ч үгүй. Гэтэл мөнгийг өнөөдөр гээж, хаяж үрэгдүүлсэн байсан ч магадгүй маргааш эргээд олчихож болно харин цаг хугацаа олдоно гэж үү?

Цаг хугацаа бол алт гэж бид ярих их дуртай.  Цаг хугацаа алт биш ээ бас мөнгө ч биш энэ бол зүгээр л цаг хугацаа. Өдөр бүр гарын хурууны завсраар урсан одож буй тэр зүйл. Үнэндээ цаг хугацааг юугаар ч үнэлэх боломжгүй. Тэр зүгээр л бидэнд буй хамгийн үнэтэй хязгаарлагдмал тийм л зүйл.

Тиймээс та “харамч” бай.  Найздаа 50000₮ зээлэхдээ бус хэн нэгэнд зарцуулах 5 минутдаа та харамч бай. Гагцхүү үнэ цэнийн ялгаа энд л оршиж, гагцхүү энэ л сонголтыг та ухаарч хийдэг болсон тэр цагт та сая амьдралынхаа жинхэнэ эзэн нь болж чадна.

About Sukhee

Өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг, илүү дээр амьдралыг бүтээн бий болгохыг хүсдэг, үргэлж өчигдрөөс илүү өнөөдрийн төлөө тэмүүлдэг хүсэл мөрөөдөл, гэрэл гэгээ дүүрэн тэр л амьдралыг ганцхан танд ч болов өгөх гэсэн асар том зорилгын төлөө энэхүү сайтаа 5 жилийн турш ажиллуулж байна.

2 thoughts on “ХАРАМЧ БАЙ!!!

Таны сэтгэгдлийг сонсъё.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.