Хамгийн сайн таньдаг “танихгүй” хүн

Магадгүй таны бодолд энэ хэний талаар ярих гэж байна вэ гэх бодол зурвас хийж байж болох юм. Нээрээ таньдаг мөртлөө таньдаггүй гэж хэнийг хэлээд байна вэ?

Тэгвэл энд би ТАНЫ талаар ярьж байна. Та гэдэг хувь хүнийхээ хувьд хэн юм бэ гэдэг талаар ярьж байна. Шинжлэх ухаанд хүнийг нийгэм, улс төр, байгалийн амьтан юм аа гэх мэтээр маш олон талаар тодорхойлчихсон шүү дээ. Харамсалтай нь бид үнэхээр өөрсдийгөө хамгийн бага таньдаг болохоор дутуу үнэлээд байдаг юм болов уу гэж би үе үехэн боддог. Тиймээс би энэ удаад хүн бүр дотночлон хэлвэл ТА хэн бэ, ТА ямар үнэ цэнэтэй юм бэ гэдгийг өөрийнхөө зүгээс тодорхойлохыг зорьлоо.

Хэнээс ч юунаас үл хамаарах хэн ч хэзээ ч хорьж цагдаж чадахааргүй тэр хүч зөвхөн танд бий. Тэр бол таны оюун санаа, ухаан бодол. Агуу Ганди хэлэхдээ “Та намайг гинжилж болно, тамлаж болно, бүр энэ биеийг минь үгүй хийсэн ч болно гэвч та хэзээ ч миний оюун ухаан бодлыг хорьж чадахгүй.” гэсэн байдаг. Тиймээ энэ гайхамшигт хүч Гандид байсан, Авраам Линконд байсан, Черчилд байсан, Мартин Лютер Кингд ч байсан хамгийн гол нь энэ хүч ТАНД ч бас байгаа. Нөхцөл байдлаас үл хамааран таны удирдлагандаа байлгаж хүсэл мөрөөдлийнхөө тууштайгаар явах тэр хүч таньд бий. Саар муу юмс үзэгдэл бидний бүгдийх нь амьдралд тохиолддог гэвч зарим нэг маань эдгээрийг даваад гарч амжилтанд хүрч чаддаг харин зарим нэг маань эдгээрийн өмнө сөхрөн унадаг. Яагаад вэ? Шалтгаан нь бэрхшээл зовлонгийн хүндэд бус таны ухаан бодлын тань хүч их багад оршдог тиймээс та яг одоо энэ талаар нэг тунгаан бодоод үзээрэй. Та хүчээ ашиглаж чадаж байна уу?

Та ямар үнэ цэнэтэй вэ үгүй ээ танд үнэ цэнэтэй зүйлүүд юу байдаг вэ? Энд нэг бодит түүхийн талаар өгүүлье.  АНУ-н нэгэн хотод үйлдвэрлэлийн ослоор нэгэн залуу ажилчин 2 гараа алджээ. Даатгалын компани түүнд нөхөн төлбөр болгон 2 сая ам долларыг олгосон байдаг. 2 сая доллар=2 гар. 2 сая доллар гэдэг бол маш их мөнгө хэрвээ Монгол хүний сарын дундаж цалинг 500$ гэж үзвэл энэ 4000 сар буюу 333 жилийн авах цалинтай дүйцэхүйц хэмжээний тийм их мөнгө. Магадгүй насан туршдаа үрээд ч ханахгүй байж болох юм. Тэгвэл таниас нэг зүйл асууя. Хэрвээ энэ залуу тань дээр ирээд би таньд 2 сая доллараа өгье та надаа 2 гараа л өгчих гэвэд та юу гэж хариулах вэ?

Та алга ташин тэгье гээд хөөрөх үү үгүй ээ байзаараа танд алга таших гар байхгүй болох нь байна шүү дээ. Болж байна гээд гар барих уу өө нээрээ гар барих гар байхгүй шүү дээ. Миний гэр бүл дахиж хэзээ ч ингэж амьдрахгүй нь ээ гээд хайртай хүмүүсээ тэврэн хөөрөх үү гэтэл тэврэх гар тань байх бил үү? Хайртай хүнээ хөтлөөд алхах, тэврээд хайраа мэдрүүлэх, хамгаас өхөөрдөм бяцхан үрсээ алган дээрээ тавин бахдах, хийж л болох бусад бүх л зүйлсийг хийдэг тэр л 2 гараа та 2 саяар солих уу? Та юу гэж хариулах вэ? Магадгүй 2 гараа битгий хэл 2 хуруугаа ч та өгөхгүй байх. Тиймээ үнэхээр таньд 2 сая доллараар ч сольхооргүй тэр гайхалтай 2 зүйл байдаг юм байна.

Тэгвэл танд хорвоогийн тоосыг хөдөлгөх боломж олгодог, хайртай ижийдээ гүйж очих эрхийг өгдөг тэр 2 хөлөө та 4 саяар солих уу? Энэ ертөнцийн түмэн өнгө, юмс үзэгдлийг харж үнэлж дүгнэх тэр боломжийг өгдөг, хамгаас хайртай бүх л хүнээ харцаараа хайрлах боломжийг олгодог, явган гарцаар машинд дайруулчихгүй таныг аваад гарчихдаг тэр 2 нүдээ та 10 саяар солих уу? Тиймээ энэ бүгд солиотой асуулт мэт санагдаж болно.

Харин одоо та өөрийгөө дахин нэг толинд хар даа. Урьдын адил нэг л ядруухан, гундуухан, амьдралд нухлагдсан жирийн нэгэн байна уу? Үгүй ээ. Танд хэнээс ч хамаарахгүй байж чадах тэр гайхамшигт хүч байна. Хэдэн арван сая доллараар ч солихооргүй үнэ цэнэтэй эд эрхтэнгүүд чинь байна. Тив дэлхийд суу алдраа дуурсгасан тэр хүмүүс тусгай хүч чадалтай байсан гэж үү? Тэд 4 гартай, 5н хөлтэй, 3 нүдтэй байсан бил үү? Та тэднээс юугаараа дутна гэж? Өөртөө байгаа нөөц бололцоо, боломж бүхнээ ашиглаад хүсэл мөрөөдлийнхөө хөлөг онгоцондоо суугаад амьдрал гээч хөлгүй их далайд хар салхи, аадар бороог ч үл ажран амжилтын оргил болсон тэр л газарлуугаа аял. Танд амжилт хүсье.

About Sukhee

Өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг, илүү дээр амьдралыг бүтээн бий болгохыг хүсдэг, үргэлж өчигдрөөс илүү өнөөдрийн төлөө тэмүүлдэг хүсэл мөрөөдөл, гэрэл гэгээ дүүрэн тэр л амьдралыг ганцхан танд ч болов өгөх гэсэн асар том зорилгын төлөө энэхүү сайтаа 5 жилийн турш ажиллуулж байна.

One thought on “Хамгийн сайн таньдаг “танихгүй” хүн

Таны сэтгэгдлийг сонсъё.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.