МӨРӨӨДЛИЙН 2016

Мөрөөдөл биелдэг юм. Энэ үгийг та хаа нэгтээгээс заавал сонссон байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Гэхдээ та сонсоод юу гэж бодсон бэ? Энэ хүмүүс гоё юм аа би ч гэсэн ингэж хэлэх юмсан, энэ хүмүүс ямар азтай юм бэ, атаархчихлаа, миний мөрөөдөл биелдэг ч  болоосой гэж бодсон уу? Аль эсвэл за даа миний энэ ч бүтэхгүй дээ өнөө маргаашдаа хоолтой, орох оронтой бас өмсөх хувцастайгаа л явж байвал барав гэж бодсон уу?

Хэрвээ тийм бол танд санал болгох нэг зүйл байна. Та яг одоо бодлоо өөрчил. Та ч би ч ер нь ямар ч алдар нэртэй хүмүүс байсан бид бүгд л мах цусанд төрсөн хүмүүний үр сад. Хэн нэгэн хийж чадаж байгаа зүйлийг та хийж чадахгүй гэх зүйл үгүй. ТА ч гэсэн мөрөөдөл биелдэг юм гэдгийг өөртөө болон өрөөл бусдад батлах, нотлон харуулах чадвартай. Таны мөрөөдөл бүтэхгүй хий хоосон зүйл биш таны мөрөөдөл бол агуу зүйл, таны мөрөөдөл бол таны амьдралын хөлөг онгоцыг жолоодогч салхи, таны мөрөөдөл бол амьдралын тань жинхэнэ утга учир.

Тиймээс та МӨРӨӨД. Сэтгэлээ тайвшруулах гэж бус биелүүлэхийн тулд та мөрөөдөх ёстой. Бүтээхийн тулд та зорих ёстой. Мөрөөдөл мэдээж асар их үнэтэй. Үнэгүй зүйл гэж үгүй тэр тусмаа таны мөрөөдөл таны амьдралаас ч илүү үнэтэй. Өнөө маргаашаа болгоод амьдрал дундуур жолоодлогогүй далайн дунд хөвөгч бяцхан завь мэт амьдрах амархан гэвч танд голын урсгалыг тодорхойлогч хүчит салхи болон хувирах тэр хүч чадал бий. Тиймээс та МӨРӨӨД.

“Ганц хүн айл болдоггүй, ганц мод гал болдоггүй.” хэмээх ардын сайхан сургааль үгээ та санаж байна уу? Тиймээ ямар ч мөрөөдөлд ганцаар хүрнэ гэдэг боломжгүй зүйл. Тантай хамт хүч чадал, тэвчээр ухаан шалгасан тэр л бүх зүйлсийг хамтран туулаад гарах тэр хүнийг/хүмүүсийг та олох хэрэгтэй. Таны гэр бүлийн хүн, найз нөхөд, хамаатан садан, танил, хамтран ажиллагч гээд л хэн ч байж болно гагцхүү та ганцаар “завиа” хичнээн сайн сэлүүрдлээ ч хол явж чадахгүй гэдгийг битгий март.

Та мөрөөдлөө олж мэджээ бас хамтдаа зүтгэх хүнээ ч олжээ тиймээс та завиа далайн эрэг дээр аль хэдийн зэхжээ. Одоо юу хүлээж байна даа? Тэнгэр цэлмэж нар гарахыг уу, хүйтний эрч сулархыг уу эсвэл салхи тогтуун болж давалгаа намсхыг уу? Аялалд гарах гэж байгаа хүний боддог л бодол гэвч та хэр удаан хүлээх вэ? Хэзээ ч нар гарахгүй, дулаан болохгүй бас давалгааны эрч багасахгүй бол яах вэ? За даа бараг л бүтэхгүй нь дээ гээд хаяад одох уу? Гэвч гашуун үнэн бол хүн нэг л удаа буугаад өгчихвөл дараа дараагийн удаа бууж өгөхдөө илүү амархан болчихдог түүгээр зогсохгүй таны амьдралд хүлээж үрж суух хязгааргүй цаг хугацаа байхгүй. Тиймээс та аялалаа эхлүүлэхээ битгий хойш тавь, эхлэлээ өнөөдөр хий, бэрхшээл шалгуурууд уул овоо байсан ч хамаагүй та үүнийг давж чадна. Гагцхүү битгий хүлээ бас хойшлуул учир нь тэгэх тоолонд чинь таны мөрөөдлийн хүч суларч, хүсэл зориг тань бага багаар нимгэрч байдаг юм.

Мэдээж таныг ийм нөхцөлтэй байхад аялалд гарахаар завдахад чинь таныг хайрлаж, таны төлөө санаа тавьдаг бүх л хүмүүс таныг болиулах гэж зөвлөх нь тодорхой. Тэр хүмүүс таныг мөрөөдлөө битгий биелүүлээсэй гэсэндээ бус таныг битгий өөрийгөө зовоогоосой гэсэндээ чин сэтгэлээсээ таньд хандаж буй. Бас таныг юун ч их юм мөрөөддөг амьтан бэ гэж хэлэх атаархуу бас дооглонгуй шүүмжлэл ч бий. Аяллын тань замд айдас хүйдэс хүргэсэн, тэвчээр шалгасан хэцүү зүйлс ч тохиолдоно. Гэвч та нэг зүйлийг сайн санах хэрэгтэй. Хэн ч, бүр хэн ч таны мөрөөдлийг яг таны харсан шиг харж бас мөрөөдөж чадахгүй учир нь энэ бол зөвхөн таны мөрөөдөл бас мөрөөдлийн нэг онцлог давуу тал. Зөвхөн та л чадах үгүйгээ мэднэ, зөвхөн та л шантралгүйгээр, ухралгүйгээр явж чадвал амжилтанд хүрч чадах уу үгүй юу гэдэгт итгэх эсэхээ шийднэ, зөвхөн та л өөрийнхөө хэр их хол явахыг хүсч байгаагаа мэднэ.

Таныг энэхэн хугацаанд өөртөө дүгнэлт хийсэн байх гэж найдаж байна. Биелүүлэхийн тулд эхлээд мөрөөдөх ёстой, харин эрч хүчээ алдахгүйн тулд цаг хугацаагаа хий үрэхгүйн тулд та яг одоо мөрөөдлийнхөө араас явах хэрэгтэй, хол явахын тулд ганцаар бус олуулаа явах хэрэгтэй, шүүмжлэл дундуур итгэл дүүрэн гарч айдсыг зоригтойгоор даван туулах тэр хүчиндээ итгэх бас хэрэгтэй. Гэхдээ хамгийн гоё, сэтгэл хөдөлгөм мэдээг одоо таньд хэлье.  2016. Цоо шинэ жил, бүтэн 365 өдөр бас цоо шинэ эхлэл. Зөвхөн таны мөрөөдөлд зориулж амьдрал таньд энэ гайхалтай цаг хугацааг бэлэглэжээ. Удтал хүсэн хүлээж суусан тэр цаг мөч таны мэдэлд ирлээ. Мөрөөдлөө биелүүлэхийн төлөө хийх аяллаа эхлэх тэр гайхалтай боломж таньд тохиож байна. Та өнөөдөр хаана юу хийж явах, хэдэн настай байх, ямар нөхцөлд байх тань огтхон ч хамаагүй. Бид бүгдэд маань яг адилхан боломжыг олгон энэ цоо шинэхэн он ирчээд байна.   Тиймээ Мөрөөдлийн 2016 хаяанд ирлээ.

About Sukhee

Өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг, илүү дээр амьдралыг бүтээн бий болгохыг хүсдэг, үргэлж өчигдрөөс илүү өнөөдрийн төлөө тэмүүлдэг хүсэл мөрөөдөл, гэрэл гэгээ дүүрэн тэр л амьдралыг ганцхан танд ч болов өгөх гэсэн асар том зорилгын төлөө энэхүү сайтаа 5 жилийн турш ажиллуулж байна.

Таны сэтгэгдлийг сонсъё.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.