ТӨГС БИШ ТӨГС ЗҮЙЛ

Хүн анх энэ амьдралд ирэхдээ эхийнхээ хөхийг олж хөхөх төрөлхийн чадвараас өөр юу ч мэдэхгүй, бүр өөрийгөө ч юу гэдгээ ухаарах сэхээгүй ирдэг бол тун удалгүй “Яагаад?” гэж эхэлдэг. Асуугаад л байна, асуугаад л байна. Тэгж байтал гэнэт яг л удтал зулай дээрээс төөнөсөн нар үүлний цаагуур орох шиг тэдний “Яагаад” зогсдог. Бүх зүйл утгаа алддаг. Яагаад гэвэл “Яагаад?” гэж асуусан асуугаагүй бүх зүйл байдгаараа л байна. Чи түүнийг хүлээн зөвшөөрөх л хэрэгтэй гэх нэгэн ухаантантай гайтай нэгэн өдөр гудамжинд таараад сургаалд нь итгэж орхино. Тэнд тэдний амьдрал дуусч үхэл эхэлдэг…

Харин зарим азтай нэгэн нь тэр “ухаантан”-тай тааралгүй хажуугийн гудмаар зөрөөд өнгөрдөг. Азтай дамшигууд. Тиймээс тэд “Яагаад” гэсээр л байна. Даанч харамсалтай нь тэд “Яагаад” гэх тусам бүх зүйлс утгаа алдаж эхлэнэ. Яагаад ч юм анхны “яагаад” гэсээр олж мэдсэн тэр зүйлс нь бодит биш болж эхэлнэ, тэд юу яг бодит юм бэ бүр бодит абсолют гэдэг зүйл байдаг эсэх тал дээр хүртэл эргэлзэж эхэлнэ. Эргээд хартал “Яагаад” бүхэн нь бусдын хариултаар дүүрэн яг л хэн нэгний буйдан дээр амьдарч буй мэт санагдах аж. Тиймээс энд тэд бусдын байшинд амьдрах биш байшингаас нь гараад хаа хол өөр хэн ч ойлгохгүй, тоохгүй ч байсан “өөрийн” газартаа “өөрийн” байшингаа барьж амьдрах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож эхэлдэг…

Тэд өөрийн гэсэн “Яагаад”-уудаараа өөрийн байшингаа барьж эхэллээ. Даанч харамсалтай нь арайхийж өөрийн байшингаа барьж эхэлтэл тэр юугаар, ямар байшинг яаж барих талаараа шийдэж чадахгүй гэдгээ ойлгож эхэлсэн. Өөрийн байшингаа барьхад шаардлагатай бүх л зүйлс түүнд байгаа, бүгдийг чадна гэж бодож байсан тэд хангалттай бэлэн биш байгаагаа ойлгох тэр мөч яг л нүүрлүүгээ шанага дүүрэн хүйтэн ус цацуулах шиг… Энд тэд хүний сэтгэлийн хамгийн нандин боловч хамгийн хэцүү мэдрэмжүүд болох гуниг гутрал, цөхрөлд автаж өөрийн ч байшингүй, хүний ч байшингүй амьдрал биш амьдралаар амьдарч эхлэдэг…

Тэдний энэ үеийг “түр завсарлага” хэмээн утга учирын эрэлд гарч өөрсдийгөө жинхнээсээ таньж мэдэж эхлэх мөч хэмээе. Аугаа их урлагийн хэлээр Ренессанс буюу Сэргэн мандалт гэх аж. Учир нь тэд өөрсдийн “Яагаад”-ууд нь дандаа бас зөв байгаагүй гэдгийг ухаарч, өөрсдийгөө алдаж энддэг төгс бус жинхэнэ амьд биет гэдгээ энэ мөчид л ухаардаг. Энд тэд “гүйж яваад бүдэрч унасан бол хэнээс ч ичилгүй өвдөлтөө ил гарга, ёол, орил шаардлагатай бол нулимс дуслуул тэгээд хажуу дахь хүнээсээ босоход нь туслаач гэж гуй” гэдэг амьдралын хамгийн энгийн боловч хамгийн агуу хичээлийг сурдаг. Гагцхүү энд л тэд энэ амьдрал гэдэг чинь ганцхан тэдний “Яагаад” бус хүн бүрийн “Яагаад”-уудийг нэгтгэж байж, хамтруулж байж бүрэн бүтэн болж сая л өөрийн гэсэн байшингаа барьж чадах юм байна гэдгээ ойлгож эхлэдэг…юм болов уу…

Та төсөөлдөө. Зах хязгаар нь үл харагдах тэр сүрдмээр хөлгүй цэнхэр далайн эрэгт та сууж байна. Жаргах нарны туяа түүнийг яг л диваажин мэт харагдуулж шувуудын жиргээ, далайн давалгаан чимээ яагаад ч юм энэ хорвоо дэлхийн хамгийн уянгалаг симфонийг тоглож зөвхөн энэ л мөчид, зөвхөн яг л танд зориулж энэ хорвоо дэлхий дээрх хамгийн гайхалтай жүжиг танд зориулж тоглож буй мэт. Тиймээ тэр үнэхээр үзэсгэлэнтэй. Гэвч тэр заримдаа үзэсгэлэнтэйгийн нөгөө туйл. Тэр яг л дайснаа дарахаар, амьдралыг нь үгүй хийхээр улангасан дайрч буй нэгэн мэт. Исгэрэн давалгаалах давалгаа, хүчит салхи шуургаараа тэр хөрст дэлхийг урсгаж ч чадна. Тиймээ тэр сүрдмээр аюумшигтай. Магадгүй амьдрал бол далай гэдэг ийм л учиртай байх

Амьдралд чи төөрсөн мэт байвал

Айхтар гүнзгий уртаас урт амьсгаа ав

Арагшаа арав алх

Алдаа оноогоо дахин нэг цэгнэ

Ай даа амьдрал гэдэг чинь л энэ шүү дээ…тэр хэзээ ч төгс байгаагүй, одоо ч төгс биш бас хэзээ ч төгс болохгүй гэхдээ гагцхүү энэ нь л түүнийг дэндүү дур булаам үзэсгэлэнтэй төгс болгодог юм шүү дээ.

About Sukhee

Өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг, илүү дээр амьдралыг бүтээн бий болгохыг хүсдэг, үргэлж өчигдрөөс илүү өнөөдрийн төлөө тэмүүлдэг хүсэл мөрөөдөл, гэрэл гэгээ дүүрэн тэр л амьдралыг ганцхан танд ч болов өгөх гэсэн асар том зорилгын төлөө энэхүү сайтаа 5 жилийн турш ажиллуулж байна.

Таны сэтгэгдлийг сонсъё.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.