Амьдрал тийм ч хялбар эсвэл шударга биш

Холливиудын алдарт жүжигчин Маттью Макконахигийн 2015 онд Хьюстоны их сургуулийн төгсөлтийн баяр дээр хэлсэн үгийн хураангуйг товчлон хүргэж байна. Тэрээр өөрийнх нь амьдралд хамгийн их нөлөөлсөн амьдралын 13 зарчмынхаа тухай ярьсан ба хүн бүхэнд хэрэг болох чухал зарчмууд гэдэгт эргэлзэхгүй байна. Жич: Энэ нийтлэл нь орчуулга бус түүний үгэнд дурдагдсан агуулгыг сийрүүлсэн болно.  

  1. Амьдрал тийм ч хялбар эсвэл шударга биш

Хэзээ ч тийм байгаагүй, одоо ч тийм биш бас цаашид ч тийм байхгүй. Хөлсөө урсган хөдөлмөрлөж байж бүтээсэн зүйлсийн үнэ цэн юунаас ч илүү. Энэ амьдрал чамд ямар ч өргүй. Хүссэн зүйлийнхээ төлөө тэмүүл, зүтгэ гэхдээ бүтэхгүй бол бусдыг битгий зэмлэ, өөрийгөө битгий хохирогч болго. Бүдрээд ойчсон бол босоод гүй. Дахиад эхэл. 

  1. “Итгэмээргүй” гэдэг үгэнд бүү итгэ

Хэрэв ямар нэг зүйл итгэмээргүй байсан бол анхнаасаа боломжгүй л байх байсан. Ямар ч сайн ба муу зүйлс чамд тохиолдсон тэр бол огт төсөөлөмгүй, итгэмээргүй зүйл огт биш. Харин ч эсрэгээрээ байсан болохоор л чамд тохиолдсон байгаа. Үүнийг ойлгож ухаарсан цагт амьдралд тохиолдсон бүхэндээ цочирдохоо байж, итгэлтэйгээр амьдралаа залуурдаж чадна. 

  1. Аз жаргал гэдэг бол түр зуурын л мэдрэмж

Бидэнд тохиолдсон аливаа зүйлд хариу үзүүлж буй мэдрэмжийн л нэг. Бид ихэнхдээ хэрвээ би тэгчих л юм бол аз жаргалтай болно гэж үргэлж ямар нэг нөхцөлтэйгээр ярьдаг. Гэхдээ тухайн зүйлдээ хүрсэний эсвэл авсаны дараа дараагийн нөхцөл бий болж бидний аз жаргал дахин үгүй болдог. Тиймээс чи аз жаргалтай амьдрах гэдэг зорилго тавьсан бол амьдралынхаа ихэнхийг гуниг, зовлонтой өнгөрөөхдөө бэлтгэ. Гэхдээ баяр баясгалан бол өөр зүйл. Баяр баясгалан гэдэг дуртай зүйлээ хийж буй хүн бүхний үргэлж мэдрэх мэдрэмж. Ямар нэг үр дүн хүлээлгүй, нөхцөл тавилгүйгээр үргэлж мэдэрч болох тэр л мэдрэмж. Тиймээс дуртай зүйлээ хий, түүндээ авт. 

  1. Чиний хувьд амжилт гэж юу болохыг тодорхойл

Чиний хувьд амжилт гэж юу вэ? Амжилт зөвхөн мөнгө, алдар нэр биш. Гэхдээ чиний хувьд амжилт гэдэг мөнгө байж болно. Эсвэл сайхан гэр бүл, бусдад туслах, хорвоо ертөнцөд анх ирсэнээсээ жоохон ч гэсэн илүү сайхан газар болгоод буцах ч байж болно. Хариулт чинь он цагийн аясад өөрчлөгдөж ч магадгүй. Өөрөөсөө тасралтгүй асуу. Хамгийн гол нь хариултаа мэдсэнийхээ дараа түүнийхээ эсрэг, өөрийнхөө хүсэл эрмэлзлэлийн эсрэг зүйлийг битгий хий. Өөрийгөө таньж мэдсэн бол бусдыг битгий дуурай. 

  1. Хэн биш вэ гэдгээ ухаарах нь хэн бэ гэдгээ ухаарахтай ижил чухал

Би хэн бэ гэдгээ мэддэг байх нь чухал. Тэгвэл би хэн биш вэ гэдгээ мэддэг байх нь бас л чухал. Хүн өөрийгөө таньж мэдэх процессийн эхний алхам нь ихэнхдээ би хэн биш вэ гэдгээ ухаарахаас эхэлдэг. Өөрт таалагддаггүй, чиний үнэт зүйлстэй нийцдэггүй, чамайг урагш түлхдэггүй тэр зүйлсээ амьдралаасаа авч хая. Муу нөлөөтэй найз нөхөд, архи тамхи түргэн хоол гэх мэт хорт зуршлууд, бусдын үзэл бодлоос бүрэн хамааралтай байх гэх мэтээсээ сал. Амьдралаа ингэж цэвэрлэж байж л чамд чухал, чиний амьдралд байх ёстой тэр зүйлстэйгээ үлдэх болно. Ингэж байж л чи өөрийгөө илүү сайн тодорхойлж чадна.

  1. Харамсах зүйлс битгий үлдээ

Бусдаас санаа зовох, зугтаах, өөрийгөө хэцүү байдалд оруулах тэр сонголтуудыг битгий хий. Хүнээс зээлсэн мөнгөө төлөөгүй байх, гэр бүлээс гадуур дотно харилцаанд орох, өгсөн амлалтаа биелүүлэхгүй байх зэрэг нь чамд санаанд оромгүй их стрессийг бий болгоно. Харин үүний оронд цаг хугацаа өнгөрсөн ч чамд үргэлж сэтгэл ханамжийг бий болгох тэр сонголтуудыг хий. Өнөөдөр чи илүү хичээж, илүү сайн байж чадах юм бол ирээдүйд чи үүнийхээ үр шимийг хүртэх болно.  

  1. Болоогүй, бүтээгүйд бус болж байгаа бүхэндээ илүү анхаарлаа төвлөрүүл

Бид ихэнхдээ өөрсдийн дутагдал, сул тал, болон бүтэлгүйдлүүдээ хүндээр хүлээн авч, маш их цагийг өөрийгөө зэмлэхэд зарцуулдаг. Мэдээж бүтэлгүйтлээсээ суралцах нь зүй ёсны хэрэг боловч бид заримдаа дэндүү их цагийг энд зарцуулаад өөрийн болж буй, чадаж буй зүйлсээ анзаардаггүй. Хэцүү өдөр тохиоход хэцүү амьдралтай мэт бодох нь утгагүй зүйл. Тиймээс болж байгаа бүхэндээ таларх, тэднийгээ улам сайжруул тэгж байж л амьдралд баяр баясгаланг мэдэрч чадна бас урагшилж чадна. 

  1. Сайн дураараа өөртөө хариуцлага үүрүүл

Эцэг эхийн үүрэг, цэрэг цагдаагийн үүрэг хариуцлага шиг бус чамаас өөр хэн ч мэдэхгүй тэр үүрэг, амлалтыг өөртөө өг. Түүнийгээ биелүүлэхгүй бол цагдаа чамайг баривчлахгүй аа биелүүллээ гээд чамд шагнал өгөхгүй. Гэхдээ үүнээс авах сэтгэл ханамж бол өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун, тайван сайхан амьдрахад чухал нөлөөтэй. 

  1. Чаддаг л бол хий гэсэн үг биш

Амьдралдаа хийж буй олон сонголтуудаа хийхдээ үргэлж би үнэхээр үүнийг хүсч байна уу гэдгийг асууж бай. Зүгээр л чи чаддаг болохоор хийнэ эсвэл авна гэдэг нь утгагүй зүйл төдийгүй амьдралд чинь үнэ цэн нэмэхгүй, хий хоосон цаг хугацаагаа гарзадсан зүйлс байх болно. Тиймээс хүссэн зүйлээ л сонго. Хүссэн зүйлээ л хий. 

  1. Өөртөө хязгаар битгий үүсгэ

Амьдралд үнэхээр сайхан зүйлс болон үйл явдлууд тохиолдоход бид ихэнхдээ гайхшралд орж, сандарч эхэлдэг. Үүнээсээ болоод алдаа ч гаргадаг. Тийм болохоор өөртөө битгий хязгаар үүсгэ, зорилгодоо битгий цэг тавь. Үүнийхээ оронд хийж буй зүйлдээ дурла, авч буй баяр баясгаландаа итгэ тэгээд хэзээ ч битгий зогс. 

  1. Шинээр эхэлж сур

Бүх хүн алддаг. Гэхдээ алдаагаа захирч, түүнээсээ суралцах хэрэгтэй. Алдаа гаргаснаа хүлээн зөвшөөр, үр дагавартай нь нүүр тул тэгээд босоод дахиад шинээр эхэл. Алдаагаа засч эхэл. Уучлалтуудаа гуй. Хариуцлагаа үүр. Тэгж байж л амьдрал хэмээх номынхоо таагүй тэр хуудсыг эргүүлж урагш явж чадна.

  1. Айдсаа битгий нуу

Бүгд л айдастай. Айдас гэдэг бол байх л ёстой мэдрэмж. Түүнийг үгүйсгэх, зугтаах, үл ойшоох гэж хичээх огт хэрэггүй. Харин ч ил гарга, нүүр тул. Тэгээд айдсаа даван туулахын төлөө хичээ. Ингэж байж чи илүү өөрийгөө болон өөрийнхөө айдсыг бүрэн ухаарч ойлгохын зэрэгцээ даван туулах чадварыг бий болгож чадна.

  1. Үнэнтэй нүүр тул 

Бид үүрэг хариуцлага, бусдын үзэл бодол, нийгмийн амьдрал гээд анхаарал сарниулах тоо томшгүй олон саад бэрхшээл, чимээ шуугианы дунд амьдарч байгаа болохоор заримдаа юу үнэн , юу чухал болохоо ч мэдэхээ болих нь бий. Тийм болохоор үе үе амьдралдаа завсарлага ав. Өөрийгөө бүхнээс тусгаарла. Тэгж байж л чи өөрийнхөө хувьд юу хамгийн чухал, юу хүсч байгаагаа мөн юу чиний хувьд туйлын үнэн тухай ойлголтод хүрч чадна. 

Бүрэн илтгэлийг үзэх: https://youtu.be/BmCTQ_mkzHU 

About Sukhee

Өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг, илүү дээр амьдралыг бүтээн бий болгохыг хүсдэг, үргэлж өчигдрөөс илүү өнөөдрийн төлөө тэмүүлдэг хүсэл мөрөөдөл, гэрэл гэгээ дүүрэн тэр л амьдралыг ганцхан танд ч болов өгөх гэсэн асар том зорилгын төлөө энэхүү сайтаа 5 жилийн турш ажиллуулж байна.

Таны сэтгэгдлийг сонсъё.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.