Өнгөрсөн 10 жилд сурсан амьдралын 10 хичээл

Хүний амьдралын бүтэн арван жил. Эргээд харахад харвасан сум мэт өнгөрөн одсон мэт санагдавч дараагийн 10 жил гээд бодоход асар урт хугацаа юм. Өдөр тутмын амьдрал, өнөө маргаашдаа түүртсээр бид богинохон боловч хязгаартай энэ цаг хугацаа минут, секундээр тасралтгүй хорогдож байгааг анзаардаггүй нь хяслантай. Тийм болохоор заримдаа зүгээр л “зогсох” хэрэгтэй. Амьдралаа эргэцүүлэх хэрэгтэй. Цаг хугацааны эргүүлэг, амьдралын учрал тохиол, хэцүү сайхан бүхнээ нэг тод томруунаар хар. Гаргасан алдаа, олсон амжилтаа үнэлж дүгнэ. Хамгийн чухал нь аль алинаас нь сурсан зүйлсээ тэмдэглэж бас санаж явах нь өөрийнхөө ирээдүйд оруулж болох хамгийн том хөрөнгө оруулалт юм.

1. Амьдрал дандаа хүссэнээр болдоггүй

Бүх зүйл цагийн аясаар өөрчлөгддөг. Та, таны эргэн тойрны хүмүүс, таны үнэт зүйлс, амьдралыг харах өнцөг, нийгэм, хүн төрөлхтөн гэх мэт бүх зүйлс 10 жилийн дотор асар их өөрчлөгдөнө. Тийм учраас таны өнөөдрийн амьдрал 10 жилийн өмнөх төсөөллөөс чинь огт өөр ч байж болно. Гэхдээ үүнд гутарч, сэтгэлээр унах хэрэггүй. Хамгийн гол нь өнөөдрийнхөө амьдралд сэтгэл хангалуун, тааламжтай байж чадах нь хамгийн чухал.

“Амьдрал өөрчлөгддөг. Та амьдралаа яг л хүссэнээрээ төлөвлөчихсөн сайхан байж байтал бидний хүч, хяналтаас  илт давуу зүйлс гэнэт тохиолдож, таны бүх сайхан зүйлийг бусниулж орхидог. Хэрвээ бүх зүйлийг өөрийнхөө хүссэнээрээ болгочхоод ‘за, одоо өөрчлөгдөхгүй шүү’ гэж хэлээд л болчихдог байсан бол ямар сайхан байх бол. Гэвч бүх зүйл өөрчлөгддөг. Таны амьдралд тохиолдсон зүйлс бүхэн таныг ямар нэг хэмжээгээр өөрчилсөн байдаг. Таны амьдралд орж ирсэн хүн бүхэн таныг өөрчилдөг. Танд тохиолдсон сэтгэл хөдөлсөн сайхан мөчүүд эсвэл ээдрээт бэрхшээлүүд таныг бас л өөрчилдөг. Гэхдээ та ЯАЖ гэдгийг нь сонгох ёстой. Ингэж байж л таны бусдаас өвөрмөц тэр дүр төрх бий болдог юм.”

2. Аливаад тууштай байх нь амжилтын түлхүүр. Гэхдээ зөв зүйлдээ

Тууштай байна гэдэг хэцүү. Үнэхээр хэцүү. Ялангуяа тууштай байх гэж хичээж буй зүйл чинь чамд ямар үр дүнг авчрах бол гэдгийг мэдэхгүй байх үед хамгийн хэцүү. Өдөр бүр 10 удаа гар дээрээ суниагаад байвал жилийн дараа Арнолд Шварценегер шиг биетэй болж чадна, өдөр бүр илүү цаг ажиллаад байвал жилийн дараа албан тушаал дэвшинэ гээд бүх зүйл тодорхой бол магадгүй тууштай байх илүү амархан. Гэвч амьдралд 100% баталгаатай найдвартай зүйл бараг л байдаггүй тул тодорхойгүй байдал бүхнийг улам хүндрүүлдэг. Тийм л болохоор юунд, хаана тууштай байх вэ гэдгээ маш сайн хайж судалж байж шийдэх хэрэгтэй. 1 жил эсвэл 2 жилийн дотор үр дүн гарахгүй байж болох ч магадгүй 5, 10 жилийн дараа та тууштай байсныхаа үр шимийг хүртэх болно. Та өөрийн сонгосон салбартаа таныг хэн ч орлож чадахааргүй чадварлаг мэргэжилтэн болохын тулд дор хаяж 10 мянган цагийг уйгагүй үр бүтээлтэйгээр зарцуулах ёстой гэж нэг дүрэм бий. Тиймээс энэ хэмжээний цаг хугацаагаар хөрөнгө оруулж байж бий болгох амжилтаа зөв сонгож эхлүүлэх хэрэгтэй.  

3. Гэр бүлдээ цаг гарга. Аз жаргалыг чи эндээс л олно

Ямар ч нөхцөл, шаардлагагүйгээр ирдэг бас өгдөг тэр зүйл бол гэр бүлээ гэх хайр байдаг. Хэцүү бэрхшээлтэй, хүнд үеүдэд чинь таныг тулаад, түшээд босгох, ард чинь үргэлж хана цайз мэт бат зогсох тэр л хүмүүс бол гэр бүл.  Тиймээс хайртай дотны хүмүүстэйгээ ойр байх хэрэгтэй. Тэдэндээ анхаарал, хайр халамж, дэмжлэг бүхнээ зориул. Танай ажил хэзээд ч таныг орлох хүнийг олж чадна харин гэр бүл чинь таныг орлуулж чадахгүй гэдгийг санаж явахад буруудахгүй. Нөгөө л цаг хугацаагаа зөв зарцуулах гэдэг чинь энд орж ирж байгаа юм.

4. Тасралтгүй суралц, өөрийгөө хөгжүүл, унш

Хүн хөгжихөө болих тэр мөчид үхэж эхэлдэг гэж та хаа нэгтээ сонссон л байх. Миний бодлоор амьдралыг утга учиртай, сонирхолтой болгодог цөөн хэдэн зүйлсийн нэг нь өөрийгөө тасралтгүй хөгжүүлж, мэдлэгээ сайжруулахын зэрэгцээ шинэ зүйлсийг суралцах. Сонирхолтой нь Аристотлийн хэлсэнчлэн хүн илүү ихийг сурч мэдэх тусам миний мэдэх зүйл мэдэхгүй зүйлстэйгээ харьцуулахад ямар өчүүхэн жоохон болохыг олж хардаг юм билээ. Өөрийгөө хөгжүүлнэ гэдэг нь гэхдээ дандаа шинэ мэдлэг авах, сургуульд сурах, тоо томшгүй ном унших биш шүү. Чөлөөт цагаа өнгөрүүлэх дуртай хоббигоо хөгжүүлэх, сайн дурын ажил хийх, өөртөө цаг гарган зөв зуршил бий болгон бурууг хаях гээд ер нь таныг мэдлэг чадвар төдийгүй нийгмийн оролцоог нэмэгдүүлэх ч зүйлс байж болно.  

5. “Үгүй” гэж хэлж сур

Бид ихэнхдээ өөрсдөө ч анзааралгүй бусдад таалагдахын тулд, бусдыг гомдоохгүйн тулд, өөрсдийгөө эвгүй байдалд оруулахгүйн тулд огт сонирхдоггүй, хүсдэггүй зүйлсдээ “За” гэж хэлэх нь олон. Миний бодлоор энэ нь тухайн агшинд л танд таатай мэдрэмж өгөх авч “За” гэснээс хойшхи хором бүрт таныг дотроос чинь шаналгаж асар их стресст оруулдаг. Тийм л болохоор шуудхан “үгүй” гэж хэлж сурах нь чухал. Эхний хэд хэдэн тохиолдолд “үгүй” гэх нь бусдын итгэлийг хөсөрдүүлж буй мэт эвгүй санагддаг ч яваандаа “үгүй” гэж хэлснээр зөвхөн өөртөө бус нөгөө хүндээ ч гэсэн тус хүргэж байгаа гэдгээ та ойлгоно. Ер нь тэгээд та бүх хүнд таалагдаад эхлэхээр өөртөө таалагдахаа больдог гэдэг нь үнэн.

6. Сэтгэцийн эрүүл мэндээ анхаар

Намайг хүүхэд байхад сэтгэцийн эрүүл мэнд гэхээр “Шар хадны эмнэлэг” гэдэг зүйлээр л ойлгогддог байсан ба мэдрэл муутай, галзуу гэх мэт сөрөг ойлголтууд нийгэмд байдаг байсан. Сэтгэл гутрал тэр дундаа урт хугацааны сэтгэл гутрал хүний амьдралд мөн бие махбодид ямар том хор нөлөө үзүүлж болдог гэдгийг би өөр дээрээ мэдэрсэн болохоор хэрэв таны сэтгэцийн эрүүл мэнд асуудалтай байгаа бол нэн даруй мэргэжлийн зөвлөгөө авч, өөрийгөө эмчилж эхлээрэй гэж зөвлөж байна. Цаг алдах тусам улам хүндэрч амьдралын идэвхи хийгээд биеийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг аюултай өвчин шүү.

7. Цаг хугацаандаа харамч бай тэгээд бас зөвөөр ашигла

Бидний цаг хугацаа хязгаартай тиймээс хором мөч бүртээ харам байж хэрэггүй, үр бүтээлгүй, утга учиргүй үрэхгүй байхын төлөө хичээх хэрэгтэй. Гэхдээ үүнээс болж бусадтай ам мурийх, буруугаар ойлгогдох зэрэг бэрхшээлүүд гарч ирдэг. Нэг удаа найз охиндоо “би хэзээ ч эргүүлж авч чадахааргүй цаг хугацаагаа чамд харамгүй зарцуулан бэлэг болгож байгаа шүү” гэж хэлээд ихээхэн буруудаж байлаа. Тэгэхээр бас хаана, хэзээ, хэнд үүнийг яаж илэрхийлэхээ бодохгүй бол том асуудалд орж мэднэ шүү 😊. Мөн үүнтэй эн тэнцүүхэн нэг чухал зүйл бол бөөн юм болж байж хэмнэсэн тэр цагаа зөвөөр ашиглаж сурах. Зөвөөр гэдэг нь дуртай зүйлээ хийх, өөрийгөө хөгжүүлэх, өөртөө цаг гаргах, гэр бүлдээ зарцуулах гэх мэт зүйлүүд орно. Тэгж байж л бидний амьдрал тэнцвэртэй, утга учиртай байж чадна.

8. Хадгал, хөрөнгө оруул

Санхүүгийн сахилга бат сайн байх нь таны амьдралын олон асуудлыг шийдэхэд тус болно. Өр зээлээ дараад зогсохгүй ирээдүйд үр хүүхэддээ зөв, чанартай боловсрол олгох мөн тэтгэвэртээ гарсан хойноо санхүүгээр бусдаас хараат бус амьдрах зэрэг олон асуудлыг орлогоосоо тогтмол хувийг хадгалж сурах гэдэг энгийн зуршлаас бий болгож болно. Мөнгө, санхүүгээ удирдаж мэргэжлийн түвшинд биш юм аа гэхэд анхан шатны бүрэн мэдлэгтэй байх нь чухал. 

9. Эрүүл мэнд эрхэм баян

Эрүүл хүнд саруул ухаан оршино гэдэг үнэхээр үнэн. Бие махбодио анзааралгүй өөрийгөө гаргуунд гарган ажил, амбиц, амжилт гэж явсаар байгаад нэг л мэдэхэд урьд нь огт сонсож байгаагүй өвчний нэр сонсож, тоо томшгүй олон эм уух дээрээ тулахгүйн тулд та эрүүл мэндээ хэзээ ч золиосолж болохгүй. Харин ч эсрэгээрээ эрүүл, эрч хүч дүүрэн хүн л илүү амжилттай байж чадна.

10. Амжилттай байх, сэтгэл хангалуун амьдрах хоёр нь өөр зүйлүүд. Ихэнхдээ.

Амжилтын төлөө улайран тэмүүлэх тусам хүн олон зүйлийг золиослох хэрэгтэй болж ирдэг. Үүнд гэр бүл, найз нөхөд, эрүүл мэнд, нийгмийн амьдрал гэх мэт зүйлс ихэнхдээ байдаг. Тийм ч болохоор өндөр амжилт, нэр алдар, эрх мэдэлд хүрсэн хүмүүс аз жаргалтай, сэтгэл хангалуун байх нь ховор. Мэдээж амжилттай мөн амьдралдаа сэтгэл дүүрэн хангалуун амьдарч байгаа хүмүүс байгаа гэвч маш ховор. Тиймээс чиний амьдралд утга учир оруулах тэр зүйл нь амжилтад хүрэх мөн үү үгүй юу гэдгийг эртнээс мэдэж чадвал сайн.

Бонус  – Бусадтай өөрийгөө битгий харьцуул

Бидний амьдралын замнал бүгд өөр. Заавал мөнгөтэй, эрх мэдэлтэй, алдар цуутай болж байж сайхан амьдрахгүй. Амжилт гэдэг ч зөвхөн эдгээр зүйлсээр хязгаарлагдахгүй. Гэвч өнөөдөр бид хэн хаана юу хийж байгаа, ямар амжилт гаргаж байгаа тухай хором тутамд мэдэх боломжтой болсон болохоор өөрөө ч анзааралгүй бусадтай тэр дундаа үеийнхээ бусад хүмүүстэй өөрийгөө харьцуулж атаархал, сэтгэл гутрал дунд орсон байдаг. Заавал харьцуулах хэрэгтэй бол та өчигдөр хэн байв, өнөөдөр хэн болов гэдэгтэйгээ л харьцуул. Тэнд л жинхэнэ бодит үнэлэмж, үр дүн бий болно. Таны амжилтыг та өөрөө л тодорхойлох төдийгүй, амжилтаас илүү өөрийнхөө амьдралд, өөрийнхөө замналд сэтгэл хангалуун амьдарч чадах нь л хамгийн чухал.

Энэ жагсаалт дараагийн 10 жилд улам өргөжин тэлнэ гэдэгт эргэлзэхгүй. Гэвч өнгөрсөн 10 жилийн энэ 10 хичээл ирээдүйд минь үнэ цэнтэй хувь нэмэр оруулна гэдэгт би эргэлзэхгүй байна.

О.Эрдэнэсүх

2021.11.09

About Sukhee

Өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг, илүү дээр амьдралыг бүтээн бий болгохыг хүсдэг, үргэлж өчигдрөөс илүү өнөөдрийн төлөө тэмүүлдэг хүсэл мөрөөдөл, гэрэл гэгээ дүүрэн тэр л амьдралыг ганцхан танд ч болов өгөх гэсэн асар том зорилгын төлөө энэхүү сайтаа 5 жилийн турш ажиллуулж байна.

Таны сэтгэгдлийг сонсъё.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.