Утга учиртай амьдрал гэж юу вэ?

Өнөөдөр бол чиний үлдсэн амьдралын эхний өдөр. Хүн өдөр бүр үхэлрүүгээ нэг алхам ойртдог. Энэ үгсийг та хаа нэгтээ сонсож л байсан байх. Гэхдээ энэ яг юу гэсэн утгатай болохыг нэг удаад тунгааж үзсэн үү?

Хариулт нь бидний амьдрал хязгаартай. Ердөө л энэ. Бид үүнийг л үргэлж санаж явах хэрэгтэй. Гэвч өнөөгийн нийгэмд бид дэндүү “завгүй” амьдарч байна. Нэг л мэдэхэд өглөө, нэг л мэдэхэд орой. Нэг л мэдэхэд 1 жил, 5 жил, 10 жил… Завгүй амьдралдаа түүртээд өдөр ирэх тусам хорогдон багасч буй амьдралынхаа цаг хугацааг бид төдийлөн анзаардаггүй. Гэхдээ энэ хорогдож буй цаг хугацаа хэр утга учиртай өнгөрч байгаа тухайд бид өөрсдөөсөө асуух болсон.

Интернэт, сошиал медиа, харилцаа холбооны нөлөөгөөр өдөр ирэх тусам бидний амьдрал бие биенээсээ улам хамааралтай болж, утга учиртай амьдрах гэхээсээ илүүтэйгээр яаж бусад шиг амжилттай, алдар нэртэй, хөрөнгө чинээтэй, манлайлагч болж сайхан амьдрах уу гэх бодол бидний амьдралыг чиглүүлэх болжээ.

Харин өөрийн амьдралын зарчим, жанжин шугамаа баримталж өөрийнхөө үнэт зүйлстэй нийцсэн зүйлээ хийж сэтгэл хангалуун, утга учиртай амьдарч буй хүмүүсийн тухай бид ярихгүй байна. Утга учиртай амьдрал гэдэг заавал үнэтэй байр, машин эд баялаг, хэдэн зуун мянган сошиал дагагч, албан тушаал, эрх мэдэл, алдар нэр биш гэдгийг бид ярихгүй байна. Утга учиртай амьдрал гэдэг нь эрүүл саруул, элэг бүтэн байж өөрөөсөө өөр хэн нэгний амьдралд бага ч гэсэн нэмэр болж амьдрах тухай бас байдаг гэдгийг бид ярихгүй байна.

Зүрх сэтгэлээ сонс. Өглөө бүхэн эртлэн босоод явж буй ажил чинь чамд утга учир өгч байна уу, эрүүл мэнд, гэр бүлтэйгээ өнгөрөөх цагаа золиослон байж тэмүүлэх амжилт, алдар нэр өөрт чинь утга учир өгч байна уу, бүх зүйл болоод өнгөрч, үхлийн өмнө нүүр тулах үедээ харамсахгүй амьдарч чадаж байна уу, өдөр бүр хийж буй зүйлдээ сэтгэл хангалуун байж чадаж байна уу…

Асуу, асуу бас дахин асуу. Магад чиний амьдралын утга учир эндээс л гарах байх.

“Удахгүй энэ хорвоогоос халин одно гэдгээ ухаарсан нь миний хувьд амьдралынхаа чухал шийдвэрүүдийг гаргахад нөлөөлсөн хамгийн чухал зүйл байсан. Хүнд яаж харагдах бол, хүнээс илүү явах юмсан гэсэн бодол, бүтэлгүйтэл болон ичгүүртэй байдалд орвол яана аа гэх бодлууд үхлийн өмнө ямар ч утга учиргүй болж зөвхөн хамгийн чухал зүйлсийг л үлдээдэг. Нэг л өдөр үхнэ гэдгээ ухаарч чадвал надад алдах юм бий гэх тэр хоосон бодлоосоо чи ангижирч чадна. Тэртэй тэргүй чи нүцгэрсэн. Тиймээс зүрх сэтгэлээ дагахгүй байх ямар ч шалтгаан үгүй.”

Стив Жобс

About Sukhee

Өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг, илүү дээр амьдралыг бүтээн бий болгохыг хүсдэг, үргэлж өчигдрөөс илүү өнөөдрийн төлөө тэмүүлдэг хүсэл мөрөөдөл, гэрэл гэгээ дүүрэн тэр л амьдралыг ганцхан танд ч болов өгөх гэсэн асар том зорилгын төлөө энэхүү сайтаа 5 жилийн турш ажиллуулж байна.

Таны сэтгэгдлийг сонсъё.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.