30 насны 3 сургамж

зорилго, сургамж

Хорьж болдоггүй 20 нас ирлээ, одоо ч үзүүлээд өгнө дөө хэмээх гэнэн боловч бардам тэр бодлыг тээж явсан тэр үеэс хойш даруй нэгэн арван өнгөрөн одсон байгааг харахад цаг хугацаа нисэн оджээ хэмээн шүүрс алдмаар болох шиг…

Үндэсний Статистикийн Хорооны тайлангаас харахад Монгол хүний дундаж наслалт 2019 оны байдлаар эрэгтэй 66.11, эмэгтэй 75.18 байна гэжээ. Тэгээд бодлоо л доо. Бидний амьдралын нэгэн арванг нэг өдөр гэж тооцвол бидэнд ердөө л 7 хүрэхтэй үгүйтэй хоног байна. Даваагаас Ням хүртэлх 7 хоног бол бидний амьдралын дундаж хугацаа гэж үзье л дээ. Энэ зүйрлэлээр бол миний амьдралын Пүрэв гараг эхэлж байна. Үлдсэн энэ 4 өдөртөө сурах, хөгжих, ойлгож ухаарах, мэдрэх зүйлс уул овоо шиг их байх авч өнгөрсөн 3 өдөрт бас чамгүй олон зүйл ойлгож авчээ. Ингээд онцлох 3-ыг нь энд маш товчоор хуваалцаж байна

Санаж явбал бүтнэ – Зорилгоо битгий умарт. Амьдрал ээдрээтэй, ойлгомжгүй, хэцүү, сорилт бэрхшээл дүүрэн тэр өдрүүдэд зорилго аминд ордог юм байна. Бүхнээс залхаад, бууж өгмөөр санагдсан үед зорилго түшээд авдаг юм байна. Шантраад, айдаст автсан үед зорилго татаад босгодог юм байна. Зорилготой байх хэрэгтэй. Түүнийгээ санах хэрэгтэй.  

Сажилж явбал хүрнэ – Амжилт гэдэг нэг өдрийн дотор болдог зүйл биш. Харин өдөр бүр аажмаар, тасралтгүй өөрийгөө бага багаар хөгжүүлж, хичээж чармайж байж хүрдэг зүйл юм байна.  Амжилтанд хүрч, нэр алдраа цуурайтуулж яваа олон хүнийг харлаа, сонслоо. Тэдний нууц тасралтгүй өөрийгөө хөгжүүлэх. Хөшигний ард хэн ч тэднийг олж хараагүй байхад тэд хичээсээр, зүтгэсээр, тэмүүлсээр байгаад олон жилийн хөдөлмөрийнхөө үр дүнд тэд нэг л өдөр гайхамшигтай амжилтанд хүрч чаддаг юм байна.

Эзэн хичээвэл заяа хичээнэ – Шаргуу хөдөлмөрлөж, хичээж чадвал сайн сайхан зүйлүүд амьдралд тохиолдоно. Өөрийн итгэл үнэмшилдээ тууштай байж, хүсч буй зүйлийнхээ төлөө чин сэтгэлээсээ ажиллаж, суралцаж, өөрийгөө бэлтгэж чадвал цаг нь болохоор ховор сайхан боломжууд гарч ирдэг юм байна. Итгэмээргүй, гайхамшигтай боломжууд олдож, өөрөөсөө хэд дахин илүү мэдлэг, боловсролтой, туршлагатай, чадвартай хүмүүстэй хамтран ажиллах, тэднээс суралцах, нөхөрлөх боломжууд гардаг юм байна.

Товчоор хэлэхэд Бямба, Ням гарагуудад сайхан амарч, алжаалаа тайлан амьдрахын төлөө хичээж тэмүүлэхэд надаа одоо 2 л өдөр үлджээ. Харин танд хэдэн өдөр үлдсэн байна вэ?

Та ч мөн адил туулж өнгөрүүлсэн өдрүүдээсээ авсан сургамжаа энд сэтгэгдэлээрээ хуваалцаарай.

About Sukhee

Өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг, илүү дээр амьдралыг бүтээн бий болгохыг хүсдэг, үргэлж өчигдрөөс илүү өнөөдрийн төлөө тэмүүлдэг хүсэл мөрөөдөл, гэрэл гэгээ дүүрэн тэр л амьдралыг ганцхан танд ч болов өгөх гэсэн асар том зорилгын төлөө энэхүү сайтаа 5 жилийн турш ажиллуулж байна.

Таны сэтгэгдлийг сонсъё.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.