Би аз жаргалтай байна уу?

Аз жаргал

Та өөрөөсөө үүнийг асууж үзсэн үү? Үнэхээр өдөр тутмын амьдралын завгүй хэмнэлээ санаатайгаар түр зогсоож байгаад асууж үзсэн үү? Хариулт нь танд таалагдсан уу? Хэрэв үгүй бол та цааш үргэлжлүүлэн уншина уу.  

Хүний чадах чадахгүйд өөрийнх нь тогтоосноос өөр хязгаар байдаггүй гэлцдэг. Эргэлзээ, айдас, залхууралд хүлэгдээд өөрийгөө танихаа болих хүртлээ хүсээгүй амьдралаараа амьдран яваа нь олон. Энэ хүмүүст аз жаргал гэх тэр ойлголт дэндүү хийсвэр бөгөөд хол хөндий санагдах нь элбэг.

Өдөр ирэх тусам амьдралаасаа авах сэтгэл ханамж чинь багасаж, эрч хүч чинь суларч байгааг та анзаарч байгаа бол магадгүй та одоо өөрчлөгдөх болжээ. Алдарт Эйнштэйн “Нэг зүйлээ дахин дахин хийгээд өөр дүн хүлээх нь солиорол” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл нэгэнт амьдралын чинь хандаж буй зүг чиг хийгээд хэв маяг таны хүсэл мөрөөдөл, үнэт зүйл, сонирхолд тохирохгүй байгааг харж мэдэрсээр байгаа хэрнээ зориудаар түүнийгээ үргэлжлүүлэн хийж хэзээ нэгэн цагт бүх зүйл өөрчлөгдөнө гэж бодон амьдрах нь утгагүй хэрэг. Өөртэйгөө зөрчилдөн ингэж амьдрахын сул тал нь зөвхөн аз жаргалд тань бус мөн өвчин эмгэг, сэтгэл гутрал, буруу зуршил гэх мэт маш олон зүйлээр илэрнэ.

Залуучууд бидний дунд “YOLO (you live only once)” буюу “Чи нэг л амьдардаг” учраас битгий ай гэсэн нэгэн үг саяхныг хүртэл их л тренд байлаа. Тиймээ бид нэг л амьдардаг өөрөөр хэлбэл бидний цаг хугацаа хязгаартай. Уйлж ирээд уйлуулж буцдаг нь хорвоогийн жам. Гагцхүү энэ ганц олдох, хязгаарлагдмал боломжоо өөрөөрөө байж, хийж бүтээхийг хүссэнээ хийж, хэзээ ч харамсахааргүй утга учиртай амьдрах нь л хамгаас чухал.

Хүн бүр аз жаргалтай амьдрах эрхтэй бас боломжтой. Харин аз жаргалаа бий болгох, олж авах бидний цаг хугацаа хийгээд боломж өдөр ирэх тусам хорогдож байна. Тиймээс битгий хойшлуул. Өнөөдөр бүр яг одоо амьдралаа дүгнэ. Тэгээд хийх ёстой, өөрчлөх ёстой бүхнээ өөрчилж бас хийж эхэл. Чамд, надад бид бүгдэд аз жаргал, утга учир, эрч хүчээр дүүрэн амьдралыг цогцлоох боломж бий. Гагцхүү түүнийг битгий хүлээж суу өнөөдөр эхлээд ирээдүйдээ бий болго.

Амжилт хүсье!

About Sukhee

Өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг, илүү дээр амьдралыг бүтээн бий болгохыг хүсдэг, үргэлж өчигдрөөс илүү өнөөдрийн төлөө тэмүүлдэг хүсэл мөрөөдөл, гэрэл гэгээ дүүрэн тэр л амьдралыг ганцхан танд ч болов өгөх гэсэн асар том зорилгын төлөө энэхүү сайтаа 5 жилийн турш ажиллуулж байна.

Таны сэтгэгдлийг сонсъё.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.