Танилцъя, намайг Өөртөө итгэх итгэл гэдэг

Өөртөө итгэх итгэл

Сайн уу, намайг Өөртөө итгэх итгэл гэдэг. Хүн болон мэндэлснээс чинь хойш сургуульд орох хүртэл чинь чи бид хоёр хамгийн сайн найзууд байлаа. Харин одоо бид хаа нэгтээ таарвал бие биенийгээ бараг танихааргүй болж дээ. Нөхөрлөж явсан он жилүүдээ дурсан санагалзаж, харуусахын эрхэнд ийнхүү бичиж байна.

“Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач

Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч.”

Р. Чойном

Эхэндээ чиний амьдрал бусдаас 100 хувь хараат байсан. Маш хэцүү энэ үед надтай найзлана гэдэг бол огт боломжгүй мэт байсан. Гэхдээ чи энэ бүхнийг огтхон ч тоогоогүйгээр барахгүй чадахгүй, мэдэхгүй бүхнээ чаддаг, мэддэг болохын төлөө тэмүүлсээр бидний нөхөрлөл маш дотно болсон.

Сургуулийн босго алхсан эхний өдрөөсөө л эхлэн чи надаас дөлөх болсон. Цаг хугацаа өнгөрөх тусам чи надаас улам л хол хөндий болоход эхэндээ би юунаас болоод байгааг нь ойлгохгүй байлаа. Харин одоо бол ойлгодог болсон. Чи өөр олон найзуудтай болсон юм байна лээ. Тэднийг Эргэлзээ, Атаархал, болон Айдас гэдэг юм байна. Харамсалтай нь чиний шинэ найзууд амьдралыг чинь уруу татна уу л гэхээс биш дээш нь өргөдөггүй гэдгийг чи нэг л ойлгоогүй явсаар байх шиг…

  • Зориг тэвчээр гаргах шаардлагатай үед Айдас найз чинь чамайг зогсооно
  • Эрсдэл гаргаж, амьдралаа өөрчлөх үед Эргэлзээ найз чинь чамайг зогсооно
  • Өөрт байгаадаа талархан, өөрөөрөө бахархах үед Атаархал найз чинь чамайг зогсооно

Найз минь чамайг би үгүйлж байна. Хорвоо ертөнцийг өөрчлөх хүсэл мөрөөдөлдөө умбан хэнээс ч, юунаас ч хамааралгүйгээр нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой явсан тэр өдрүүдээ эргэн санаач. Хүүхэд насныхаа гал дөлтэй өдрүүдээр дахин амьдраач.

Өөртөө итгэ найз минь. Чи чадна. Бусадтай өөрийгөө битгий харьцуул. Бусад хүмүүс юу гэж хэлэх бол, юу гэж бодох бол, би ямар харагдаж байгаа бол гэж битгий ай найз минь.  Алдаж оносноороо л энэ амьдралаа дүгнэхээс биш айдас, эргэлзээ, атаархалд дарагдсаж явсанаар дүгнэхгүй. Чамд бусдаас дутах юм огт байхгүй. Өөрт байгаа боломж бололцоо болон мэдлэг чадвар боломжоо өөртөө итгэлтэйгээр ашигла. Чиний амьдралын түүхийг чамаас өөр хэн ч бичих учиргүй. Өөртөө итгэ найз минь. Чи гайхамшгийг бүтээж чадна.

About Sukhee

Өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг, илүү дээр амьдралыг бүтээн бий болгохыг хүсдэг, үргэлж өчигдрөөс илүү өнөөдрийн төлөө тэмүүлдэг хүсэл мөрөөдөл, гэрэл гэгээ дүүрэн тэр л амьдралыг ганцхан танд ч болов өгөх гэсэн асар том зорилгын төлөө энэхүү сайтаа 5 жилийн турш ажиллуулж байна.

Таны сэтгэгдлийг сонсъё.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.