Танилцъя, намайг Өөрчлөлт гэдэг

өөрчлөлт

Сайн уу, намайг Өөрчлөлт гэдэг. Бүх л зүйл хувьсан өөрчлөгдөж буй чиний амьдралын цорын ганц тогтмол нь би байна. Чи анзаараагүй байж болох x чамайг төрсөн цагаас эхлэн би үргэлж чамтай хамт байсаар ирсэн чиний хамгийн сайн найзуудын нэг. Чи эхлээд мөлхдөг байсан харин дараа нь унаж боссоор өөрөө алхдаг болсон. Унах болгондоо уйлдаг байсан ч чи шантралгүй тэмүүлсээр алхаж сурсан. Чи өөрчлөлтийг амжилттай даван туулснаар барахгүй өөрчлөлтийг хүсэн байж бий болгосон.

Харамсалтай нь чи өсч, ухаан суух тусмаа миний эсрэг болж, намайг эсэргүүцэж, намайг үзэн ядаж, надаас хол байхыг хүсэх болсон. Өөрчлөгдөхөөс өөр аргагүй болох үедээ л хүчээр, асар их өвдөлт, шаналал дор чи өөрчлөгдсөөр өнөөдрийг хүрлээ. Дассан сурснаасаа өөр орчинд орох, өөр хэмнэлээр амьдрах, өөр хүмүүсийн хүрээлэлд орох, өөр арга замаар амьдрах гэдэг нь амаргүй гэдгийг би ойлгож байна аа.

Чи ойрд яагаад ч юм их л гунигтай байна. Амьдралдаа асар их сэтгэл хангалуун бус байна. Чамайг ийм байдалтай харах сайн найз миний хувьд үнэхээр хэцүү байна. Чамд юу хамгаас илүү их хэрэгтэй байгааг би мэдэж байна. Энэ бол өөрчлөлт. Одоо цаг нь болсон.

Амьдрал бол тасралтгүй өөрчлөлт. Чиний өвөг эцэг чинь хүртэл байгалийн шалгаралд дасан зохицож, өөрчлөлтийг амжилтттайгаар даван туулсны ачаар амьдралыг бий болгосон. Тиймээс надтай битгий тэмц. Харин намайг ашигла. Намайг ашиглаад өөрийгөө хөгжүүл. Ухаар. Илүү чадварлаг бол, илүү тэвчээртэй бол, шинэ зорилготой бол.

Өнгөрсөндөө битгий харамс. Өнгөрснийхөө ачаар өнөөдөр чи энд ирсэн. Буруу зөв байж болно гэхдээ чи өнгөрсөнөө өөрчилж чадахгүй. Харин ирээдүйгээ чи өнөөдрөөс эхлэн өөрчилж чадна. Чи аз жаргал, утга учир, хүсэл мөрөөдлөөр дүүрэн ирээдүйг бүтээж чадна. Бүх зүйл чиний гарт байгаа. Амьдралаа гартааа ав. Миний гараас хөтөл. Хамтдаа чиний амьдралыг гайхамшиг болгоё!

About Sukhee

Өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг, илүү дээр амьдралыг бүтээн бий болгохыг хүсдэг, үргэлж өчигдрөөс илүү өнөөдрийн төлөө тэмүүлдэг хүсэл мөрөөдөл, гэрэл гэгээ дүүрэн тэр л амьдралыг ганцхан танд ч болов өгөх гэсэн асар том зорилгын төлөө энэхүү сайтаа 5 жилийн турш ажиллуулж байна.

Таны сэтгэгдлийг сонсъё.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.