Хөгжлийн 2020

Амжилт 2020

Энэ уриа, лоозон биш. Энэ санал санаачлага биш. Энэ хүслийн жагсаалт биш.

Энэ бол зорилго. Энэ бол шаардлага. Залуу танд одоо өөр сонголт байхгүй. Бид өнөөдөр асар хурдацтай хэрнээ сорилтоор дүүрэн он цагт амьдарч байна. Өнөөдрийн мэдлэг маргааш хуучран одож, өнгөрөн одох хором мөч бүхэн та биднийг хөгжихийг шаардаж байна. Энэ их хурдацтай өөрчлөлтийн дунд хоцролгүй, дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж, сайн сайхан амьдралыг бүтээе гэвэл бидэнд өөрсдийгөө хөгжүүлэхээс, сайжруулахаас өөр сонголт үгүй болж байна. Тэгвэл яаж хөгжих вэ?

Өнөөдөр залуус зорилготой амьдрах хэрэгтэй гэдгээ хэнээс ч хэлүүлэлтгүйгээр мэддэг болсон. Асуудал харин хаана байдаг вэ гэхээр бид нэг бол зорилгоо гаргадаггүй, гаргасан ч биелүүлэхийн төлөө зүтгэдэггүйд л байна. За яагаад болдоггүй юм бэ гэхээр түмэн шалтаг гарч ирнэ. Гэхдээ хамгийн том нь бид хэтэрхий олон зорилго тавиад хурдан шантардаг. Ер нь өндөр ууланд авирахдаа ямар өндөр юм бэ гэдгийг нь хараад байвал хүн хэзээ ч оройд нь гарч чадахгүйн адил олон том зорилготой хүн хоёр туулай хөөсөн хоосон анчин адил аль нь ч үгүй хоцордог. Тиймээс 2020 онд арай өөрөөр ердөө ганц л том зорилго тавъя. Амьдралаа өөрчлөх нөлөө бүхий нэг л том зорилт. Юу гэдгээ бодоод олохгүй бол дараах хувилбаруудаас сонго. Гол нь бүхэл бүтэн 2020 оныг зөвхөн энэ зорилтыг бүрэн биелүүлэхэд л зориул.

Англи хэл – Хэлтэй бол хөлтэй гэж ардын минь сайхан үг бий. Хэл бол хөгжлийн гарц болж байна. Өдөр ирэх тусам даяарчлагдаж, хавтгайрч буй дэлхий дээр маань Англи хэлтэй хүн хаана ч очсон газардахааргүй, ямар ч мэдлэг мэдээллээс хоцрохооргүй болж байна. Хаанаас эхлэхээ мэдэхгүй байна уу? Толь бичиг худалдаж аваад үг цээжил. Хаа сайгүй болж байгаа англи хэлний ярианы клубүүдэд оч. Англи хэл дээр кино үз, дуу сонс.

Ном – Сурч мэдэхийг хүсч байгаа нэг сэдвээрээ 20 ном уншиж өөрийн мэдлэг, чадвараа нэмэгдүүл. 20 ном гэхээр их сонсогдож байна уу? Тэгвэл өдөрт 10 хуудас гэвэл ямар байна? Дундаж ном 200 хуудастай гэвэл 20 ном 3600 хуудас. Хаанаас авах аа мэдэхгүй байна уу? Amazon-руу ор. Мөнгөө хадгал, хуучин ном ав.

Зуршил – Нэг муу зуршлаа амлан аваад түүнээсээ бүрэн бүтэн ангижир. Эрүүл бус хооллолт, залхуу, цаг барьдаггүй, муухай ааш за юу ч байж болно. Сонгож аваад үзэлц. Бүтэн жил үзэлцэхэд салж чадаж л таараа. Эсвэл цоо шинээр нэг сайн зуршил өөртөө хэвшүүл. Өдөрт 10 англи үг цээжлэх, эрүүл хооллох, дасгал сургуулилалт хийх, талархаж сурах гэх мэт.

Илүү сайхан амьдралыг өөртөө хийгээд гэр бүлдээ авчрахыг хүсч байгаа л бол залуу та хөгжих ёстой. Одоо л яг хөгжих цаг. Одоо л өөрийгөө сорьж амьдралаа өөрчлөх боломж. Дахиж энэ боломж танд гарахгүй. Яг одоо л эхэл. Өөрчлөгд, хичээ, тэмүүл. 2020 он таны өсөлт хөгжлийн жил байх ёстой.

Танд амжилт хүсье!

About Sukhee

Өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг, илүү дээр амьдралыг бүтээн бий болгохыг хүсдэг, үргэлж өчигдрөөс илүү өнөөдрийн төлөө тэмүүлдэг хүсэл мөрөөдөл, гэрэл гэгээ дүүрэн тэр л амьдралыг ганцхан танд ч болов өгөх гэсэн асар том зорилгын төлөө энэхүү сайтаа 5 жилийн турш ажиллуулж байна.

Таны сэтгэгдлийг сонсъё.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.