Би яагаад гүйдэг вэ?

гүйлт

Тэсвэр хатуужил. Өөрийгөө ялан дийлэх. Эрүүл амьдрал

Миний анхны бүтэн марафон (42.195 км) 2010 онд гүйсэн уулын марафон байсан. Тэгэхэд гүйх алхах холилдсоор бүтэн 7 цаг явж байж бариандаа орж ирсэн. Тэр марафон гүйлтийн тухай цоо шинэ ойлголт, мэдрэмж, бас сонирхлыг төрүүлж билээ. Асар их ядарч туйлдсан байсан ч барианд орох тэр мэдрэмж үнэхээр юутай ч зүйрлэшгүй гайхамшигтай байсан. Түүнээс хойш жил алгасалгүй 2-3 марафонд гүйж иржээ. Шагнал урамшуулал байхгүй ингэж өөрийгөө зовоож яадаг байна аа гэх хүмүүс олон бий. Гэхдээ холын зайн гүйлтийн “шагнал урамшуулал” амьдралд минь ямар чухал байр суурь эзэлдэг талаар энд хэдэн үг сийрүүлье.

“Барианд орсон бүхэн ялагч болдог цорын ганц спорт бол марафон.”

  1. Тэсвэр хатуужил

Холын зайнд олон цагаар гүйнэ гэдэг амаргүй зүйл. Миний бодлоор хүний тэсвэр хатуужлыг хамгийн их шалгадаг зүйлсийн нэг байх. 100 метрт гүйхэд бүх хүч энергиэ хэдхэн секундэд гаргадаг бол марафонд тэрнийгээ хэдэн цагт хуваан зарцуулах болдог. Хамаг бие сульдаад, хөлийн тэнхээ барагдаад, ам хатаад, салхи өөдөөс хүчтэй үлээгээд, бариа болон зай дуусах нь нүдэнд ч харагдахгүй байх тэр үед бодолд “за одоо болъё оо, арай л барахгүй нь ээ, зөндөө л сайн гүйлээ, үлдсэн зайгаа алхаад дуусгачихая” гэх мэт бодлууд хамгийн хүчтэй орж ирдэг. Анхандаа энэ бодлуудддаа ялагдаад зайгаа дуусгалгүй зогсож байсан удаа надад бий. Гэхдээ одоо бол харьцангуй гайгүй болсон. Нэг талаасаа сайн бэлтгэлтэй байх чухал ч нөгөө талаасаа сэтгэл зүйн бэлтгэл өндөр байх нь тэрнээс ч бүр чухал. Бараг таван километр тутамд дээрх бодлууд заавал нэг орж ирнэ. Зай дуусах дөхөх тусам энэ бодлууд улам хүчирхэгжинэ. Гагцхүү энэ л мөчүүдэд тэвчээр зааж чадах юм бол марафоны зайгаа амжилттай дуусгаж чадна.

Хоёрт энэ бол миний өөрийнхөө эсрэг хийх хамгийн том тулаануудын нэг. Хүн өөрөө өөрийнхөө хамгийн том дайсан гэдэгтэй би бүрэн санал нийлдэг. Амжилтанд хүрэхийн тулд хүн өөрийгөө олон зүйл дээр ялан дийлэх болдог. Энэ нь муу зуршилдаа автахгүй байх, холын зорилгоо ойрын хүсэл шуналаар худалдахгүй байх, хэцүү санагдсан ч бэрхшээлийг даван туулах зэрэг олон байдлаар илэрдэг. Түүний адилаар чадахгүй нь ээ, одоо зосъё оо гэх тэр бодлуудаа даван туулаад бариандаа орох нь өөрийгөө ялан дийлэхийн хамгийн том илэрлүүдийн нэг. Эндээс л бэрхшээл сорилтой тулгарч шантрах үедээ бууж өгөлгүйгээр яаж ийж байгаад даваад гарч болдог гэдэг итгэл үнэмшлийг олж авч чаддаг нь миний хувьд хамгийн том ололт.

“Марафон бол миний өөрийнхөө эсрэг хийх хамгийн том тулаануудын нэг.”

Гуравт эрүүл амьдралын хэв маяг. Гүйх бол миний хобби. Гүйх үедээ би ядрах биш улам цэнэглэгдэж, эрч хүч авч, стресс арилдаг. Гүйнэ гэхээр өөрийгөө зовоож ядарна гэж бодох бол миний бодлоор өрөөсгөл бодол. Та машинаа сайхан тос маслыг нь солиулаад, засвар үйлчилгээг нь хийлгээд цэмбэгэр унахад машин чинь хурд хүч сайтай, эдэлгээ удаантай байдагтай адил гүйлтээр илүүдэл жингүй, стресс багатай, эрч хүчтэй амьдрах боломжтой. Тийм болохоор гүйснээрээ эрүүл амьдрах боломжоо нэмэгдүүлнэ гэдэг бол миний хувьд тасархай сайхан бонус юм.

Мэдээж би бүх хүнийг гүйх хэрэгтэй гэж хэлэхгүй. Гүйх дургүй хүн байж болно. Гэхдээ та сайн анзаарвал таны хийх дуртай тэр зүйлүүд бүгд цаанаа маш том шалтгаануудтай байгаа. Тэр шалтгаануудаа таньж мэдээд улам хөгжүүлснээр та өөрийн сайн зуршлуудаа улам тодруулах эсвэл муу зуршлуудаа арилгах ч боломжтой. Гол нь яагаад ямар нэг зүйлийг хийж байгаагаа бүрэн ойлгох нь маш чухал. Гагцхүү тэгж байж л сая та бидний хийж буй үйлдэл бүхэн утга учиртай болно. Яг л тэсвэр хатуужлаа нэмэгдүүлж, өөрийгөө ялан дийлж сурч, мөн эрүүл амьдралын хэв маягийг бүрэлдүүлэхийн төлөө би холын зайн гүйлтийг амьдралынхаа насан туршын нэг хэсэг болгосонтой адил.

Танд амжилт хүсье!

About Sukhee

Өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг, илүү дээр амьдралыг бүтээн бий болгохыг хүсдэг, үргэлж өчигдрөөс илүү өнөөдрийн төлөө тэмүүлдэг хүсэл мөрөөдөл, гэрэл гэгээ дүүрэн тэр л амьдралыг ганцхан танд ч болов өгөх гэсэн асар том зорилгын төлөө энэхүү сайтаа 5 жилийн турш ажиллуулж байна.

Таны сэтгэгдлийг сонсъё.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.