Яагаад?

утга учир

Утга учиртай, урдаа тавьсан зорилготой, түүндээ хүрэх тэмүүлэлтэй амьдрах сайхан.

Балчир насандаа сансрын нисгэгч болно хэмээн хөөрч явсан хүүгийн мөрөөдөл он цагийн уртад өнөө маргаашаа л өнгөрөөхийн төлөө тэмцэл болон хувирсан байх нь олонтаа. Санаатайдаа биш л дээ, анзаарч ухаарч амжилгүй явсаар л нэг мэдэхэд амьдралынхаа жолоог алдаж, хөлгүй их далайд нь төөрсөн байх. Хэрэв энэ дүр зураг танд танил санагдаж байвал санаа битгий зов. Та ганцаараа биш.

Амьдрал үзэж, туршлага суух тусам болохгүй, мэдэхгүй, чадахгүй гэдэг ойлголтууд бидний амьдралд хүч түрэн орж ирж хорвоо ертөнцийг өөрчилнө хэмээх агуу мөрөөдлийг тань хайрцаглан хэмлэсээр үгүй болгож байгаа. Энэ дундаас үгүй ээ, би мөрөөдөлтэй, зорилготой хүн, түүнийгээ биелүүлэхгүй л бол миний амьдрал ямар ч утга учиргүй болох гээд байна сөрөн зогсоно гэдэг хэцүү. Та ялагдаж буй мэт санагдаж байвал битгий санаа зов. Та ганцаараа биш.

Тэгвэл энэ бүхнийг хүмүүс яаж сөрдөг вэ? Яавал утга учиртай амьдрах вэ? Амьдралын утга учир гэдэг бол зөвхөн зорилготой амьдрахыг хэлж буй зүйл биш. Энэ бол бүр анхдагч ойлголт. Яагаад тэр зорилгоо гаргах болсон анхдагч шалтгаан. Аз жаргал, баяр хөөрөөр дүүрэн гэр бүл бий болгох гэдэг бол утга учир. Аа харин гэр бүлээрээ амьдрах орон сууц байртай болох гэдэг бол зорилго. Бусдад туслан тэднийг амьдралаа өөрчлөхөд нь туслах гэдэг бол утга учир. Аа харин эзэмшсэн мэргэжилдээ шилдэг нь болоод бусдад зааж сургаж чаддаг болох гэдэг бол зорилго. Зорилго олон байж болох ч таны “Яагаад” цор ганц бөгөөд хэзээ ч өөрчлөгдөхгүй. Зорилготой боловч утга учираа хараахан тодорхойлоогүй хүн зорилгоо биелүүлэх явцад тулгарах эхний бэрхшээл, сорилуудад шууд ялагдан бууж өгөх нь элбэг. Яагаад гэвэл утга учиртай амьдрахын тулд тэр зорилго нь ямар чухал гэдэг вэ гэдгээ тэр хүн олж харж чаддаггүй. Яагаад, юуны төлөө амьдарч байгаа гэдгээ тэд харж чаддаггүй. Тийм ч болохоор сэтгэлийн хат, өөрийгөө ялан дийлэх мөчүүд дээр тэд хамгийн түрүүнд ялагддаг.

Тэгвэл би таниас яг одоо асууя. Яагаад? Та амьдралынхаа “Яагаад”-ыг мэдэх үү? Тодорхойлсон уу? Хэрэв үгүй бол яг одоо үзэг цаас аваад суу. Өөртэйгөө ярилц. Тэгээд тодорхойл. Амьдралын хар салхи, аадар бороог ч үл аажран урагшлахыг хүсч л байгаа бол яг одоо та амьдралынхаа утга учирыг тодорхойл.

About Sukhee

Өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг, илүү дээр амьдралыг бүтээн бий болгохыг хүсдэг, үргэлж өчигдрөөс илүү өнөөдрийн төлөө тэмүүлдэг хүсэл мөрөөдөл, гэрэл гэгээ дүүрэн тэр л амьдралыг ганцхан танд ч болов өгөх гэсэн асар том зорилгын төлөө энэхүү сайтаа 5 жилийн турш ажиллуулж байна.

Таны сэтгэгдлийг сонсъё.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.