Өөртөө өгөх 4 амлалт

Зохиолч Don Miguel Ruiz-ийн “Four Agreements” буюу “Өөртөө өгөх 4 амлалт” номыг уншиж дууссанаа сийрүүлэн та бүхэндээ хүргэж байна. Энгийн бас товчхон боловч маш гүнзгий утга агуулгатай байсан тул хэрэг гарган энд бичлээ.

Энэхүү ном нь Нью Йорк Таймс-ийн шилдэг номын жагсаалтанд сүүлийн 10 гаран жил бичигдсээр байгаа бөгөөд эртний Толтек иргэншлийн амьдралын хэв маяг, соёл боловсрол, болон итгэл үнэмшилд үндэслэгдэн гарсан хувь хүнийг жинхэнэ эрх чөлөөнд хөтлөхөд туслах 4 амлалтын тухай зохиолч түүрвэжээ.

Эхний амлалт: Сайн сайхан үгсийг өөртөө ч, өрөөл бусдад ч хэлж байна

Үг гэдэг бол хамгаас хүчирхэг зүйл. Үгээр хүнийг үгүй хийж ч болно, үгээр хүнийг амьдруулж ч болдог. Мэдээж өрөөл бусдад хэлэх сайхан үгс байгаа бол харамгүй, цаг алдалгүй хэлж бусдын амьдралд нь баяр баясгалан, утга учир нэмэн амьдрах сайхан. Харин сөрөг муу үгсээ аль болох хэлэхгүй, хэлсэн ч зөвөөр илэрхийж сурах нь чухал. Дараагийн хамгийн чухал зүйл өөртөө сайхан үгсээ хэлж байх. Хүн өөрийнхөө хамгийн том шүүмжлэгч байдаг. Олны өмнө алдаа гаргасан бол тухайн үедээ алдаагаа засаад явдаг боловч бусад хүмүүс холдон явах үед өөрийгөө шүүмжилсэн, басамжилсан, гутранги бодлууд хүнийг дахин босох тэнхэлгүй болтол нь сөхрөөж, шантрааж чаддаг аж. Тиймээс ичмээр, утгагүй санагдаж байсан ч гэсэн өөртөө хайртай гэдгээ, өөрөөрөө бахархдаг гэдгээ, өөртөө итгэдэг гэдгээ үргэлж хэлж байх нь чухал.

Хоёрдахь амлалт: Юуг ч өөр дээрээ шууд тусгаж авахгүй байна

Бусдын хэлсэн үгс, гаргасан үйлдэл бүхнийг өөр дээрээ шууд тусгаж авахгүй байх нь амьдралаа гартаа авах, аз жаргалтай байхын хамгийн чухал чадваруудын нэг. Хэлсэн бүхнийг өөр дээрээ тусгаж авах нь бүх зүйл зөвхөн миний тухай байдаг гэсэн хамгийн хувиа хичээсэн бодол. Ихэнх тохиолдолд тухайн үйлдэл болон хэлсэн үг нь чиний тухай гэхээсээ илүү тухайн үг, үйлдлийг хийж буй хүний өөрийнх нь асуудал байдаг. Чи хэн нэгэнд таалагдахгүй байлаа гээд чи өөртөө таалагддаггүй гэсэн үг биш. Чиний тухай хэлсэн хэн нэгний үзэл бодол чиний бодит байдал байх албагүй. Тиймээс шууд тусгаж авахаасаа илүүтэйгээр зүгээр тэдгээр нь тухайн хүний өөрийнх нь амьдралыг үзэх үзэл нь тийм байж гэж ойлгоод амьдрах хэрэгтэй

Гуравдахь амлалт: Аливааг урьдчилан таамаглаж, ургуулан бодохгүй байна

Хүний ургуулан бодох чадвар бол хамгийн гайхамшигтай бөгөөд хамгийн харгис чадваруудын нэг. Буруугаар бодсон бодол анд найзуудыг атаатан дайсан болгож, амраг хосуудыг хагацааж чаддаг. Нөхөр нь ажилдаа ядраад дуу муутай гэртээ орж ирээд хувцсаа солих хэдхэн минутанд эхнэр нь яасан юм бол оо гэж ургуулан бодсоор надад хайргүй болж байгаа юм биш байгаадаа гэх бодол хүртэл явж чаддаг. Гэтэл зүгээр л яасан бэ гээд асуухад л болох байсан шүү дээ. Үүнтэй адил амьдрал дээр хүн энэ мэтээр сөрөг зүйлсийг ургуулан бодохдоо маш гарамгай. Тиймээс аливааг ургуулан бодож буруу төсөөлөлгүйгээр зүгээр л асуу, судал. Тэгж байж л бодитой хариу авна.

Дөрөвдэх амлалт: Үргэлж хамгийн сайнаараа хичээнэ

Бүхнийг үргэлж 100% хийнэ гэдэг боломжгүй. Эхний 3 амлалтыг өдөр бүхэн бүрэн биелүүлнэ гэдэг хэцүү. Гэхдээ амлалтаа зөрчлөө гээд шантарч болохгүй. Дахиад эхэл. Зөрчсөн дороо дахиад эхэл. Эхэндээ хэцүү ч яваандаа илүү хялбар болдог. Бүхнийг төгс хийх гэхээсээ илүүтэйгээр тухайн нөхцөл болон боломжиндоо таарсан хамгийн сайнаараа л хичээ. Хүн өглөө эрч хүч дүүрэн босоод хамгийн сайнаараа хичээх болон гунигтай, өвдсөн үедээ босоод хамгийн сайнаараа хичээх хоёр хэзээ ч адил байхгүй. Гэхдээ гол нь ямар ч үедээ байж болох хамгийн сайнаараа л хичээ. Тэгж байж л хүн сэтгэл дүүрэн, харамсах зүйлгүй амьдарч чаддаг.

Номыг сонирхоё гэвэл: Four Agreements on Amazon

About Sukhee

Өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг, илүү дээр амьдралыг бүтээн бий болгохыг хүсдэг, үргэлж өчигдрөөс илүү өнөөдрийн төлөө тэмүүлдэг хүсэл мөрөөдөл, гэрэл гэгээ дүүрэн тэр л амьдралыг ганцхан танд ч болов өгөх гэсэн асар том зорилгын төлөө энэхүү сайтаа 5 жилийн турш ажиллуулж байна.

Таны сэтгэгдлийг сонсъё.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.