Сонго. Хяна. Тунгаа. Тэгээд түгээ.

Ойрын хэдэн өдөр бодол дотор эргэлдээд салж өгдөггүй нэг зүйлийн тухай бичмээр санагдлаа. Бид өнөөдөр технологиор хурдасгагдсан мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа болохоор та бид гэртээ унтсанаас бусад бүхий л сэрүүн байх цаг хугацаандаа ямар нэг мэдээлэл, сурталчилгаанд өртөж яваа. Үнэндээ энэ бүхэн дэндүү их болж байгаа учраас аливаа мэдээллийн учрыг ухаж хужрыг тунгаана гэдэг нь завгүй амьдралтай бид бүхэнд асар түвэгтэй болж ирж байгаа. Энэ нь даамжраад цаашлаад бидний амьдралын стресст хэрэгтэй хэрэггүй олон зүйлээр нэрмээс болж байгааг тоочих юун. Тиймээс хэрэв та яаж зөв мэдээлэл, мэдлэг авч оюун ухаанаа эрүүл саруул байлган стресс багатай амьдрах вэ гэж бодож байгаа бол дараах аргачлалуудыг санал болгож байна.

Сонго – Эхлээд өөрийн гэсэн мэдээлэл хүлээн авах сувгуудаа өөрийнхөө гараар сонго. Таны сонирхдог сэдэв болон өнцгөөс мэдээлэл, мэдлэг түгээдэг сайтууд, хуудсууд, болон хувь хүмүүсийг өөрийн гараар шилж сонго. Мэдээж таалагдахгүй, хүсэхгүй зүйлсийг нь түгээдэг бүхнийг устга бас дагахаа боль. Бүх нийгмийн сүлжээ танд энэ боломжийг олгодог.

Хяна – Танд ирэх мэдээлэл, мэдлэг бүхэнд энэ бол шууд үнэн гэсэн ойлголтоор битгий ханд. Хамгийн эхлээд болж өгвөл мэдээллийн эх сурвалжыг нь шалга. Наанадаж дахиад өөр ганц эх сурвалжтай харьцуулж хар. Хувь хүн байвал хэн ямар зорилготойгоор түгээж байж болох талаар хар унш.

Тунгаа – Таны уншсан, харсан, бас сонссон тэр мэдээлэл болон мэдлэг таны үзэл бодолтой нийцэж байгаа эсэхийг тунгаа. Логик ухаанаар бодоод үзэхэд үнэн эсвэл худал байж болох эсэхийг тунгаа. Нэг төрлийн мэдээлэл хэтэрхий их ирээд байвал хэн хаанаас ямар зорилготойгоор ирүүлээд байж болох талаар тунгаа.

Түгээ – Сайн сайхан зүйлс хуваалцсанаар дундарч багасдаггүй. Харин ч арвижан тэлдэг. Тиймээс та өмнөх алхамуудаар хянаад шүүгээд гаргаад ирсэн тэр мэдээлэл болон мэдлэгээ бусаддаа түгээ. Сайн сайхан, эерэг болон үнэн зүйлсийг бусдад түгээх шиг буянтай үйл гэж юу байхав, тийм үү?

Олон алхамтай ярвигтай мэт санагдаж байж магад гэхдээ үнэндээ энэ бүх алхмыг хийхэд үсрээд 1-2 л минут болно. Гол нь өөрийн болон өрөөл бусдын сайн сайхны төлөө хадны цуурай шиг уншсан, харсан, сонссон бүхнээ нягтлалгүйгээр түгээхгүй байх нь л чухал юм даа. За ингээд энд хүртэл уншсан эрхэм уншигч танд талархлаа.

About Sukhee

Өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг, илүү дээр амьдралыг бүтээн бий болгохыг хүсдэг, үргэлж өчигдрөөс илүү өнөөдрийн төлөө тэмүүлдэг хүсэл мөрөөдөл, гэрэл гэгээ дүүрэн тэр л амьдралыг ганцхан танд ч болов өгөх гэсэн асар том зорилгын төлөө энэхүү сайтаа 5 жилийн турш ажиллуулж байна.

Таны сэтгэгдлийг сонсъё.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.