Хонгилын үзүүрт гэрэл бий

Амьдралын утга учирын заалт тэг заах өдрүүд амьдралд олон бий. Өглөө ажил, хичээлдээ явах нь битгий хэл орноосоо ч өндиймөөргүй, хэнтэй ч ярьмааргүй, юу ч хиймээргүй, бүх зүйл утга учиргүй мэт санагдах тэр саарал өдрүүд амьдралд олон бий. Энэ өдрүүдэд бид яах ёстой вэ? Тэмцэх ёстой юу бууж өгөх хэрэгтэй юу? Юу ч гэсэн эхлээд та өөрөөсөө эхлээд нэг асуугаад үз. Хэрэв та өөртөө үнэнч нэгэн бол ихэнхдээ бууж өгдөг гэдгээ мэднэ эсвэл хүлээн зөвшөөрнө. Гэхдээ зүгээр ээ та ганцаараа биш. Сөрөг мэдрэмж болон сэтгэл хөдлөлдөө өөрөө ч мэдэлгүй автаж, түүндээ бууж өгөх нь бидний төрөлхийн хариу үйлдэл. Мэдээж үүнийг мэддэг тиймээс урьдчилан өөрийгөө бэлтгэж, шийдвэр гаргах механизмаа боловсруулсан хүмүүс бас олон бий. Тэгвэл тэр хүмүүс юугаараа өөр юм бэ?

Тэд яагаад өглөө бүхэн эртлэн босч завгүй амьдралынхаа төлөө ядарч цуцсанаа ч үл анзааран маргаашийн төлөө, сайхан амьдралын төлөө, гэрэлт ирээдүйн төлөө тэмүүлдэг юм бэ? Яагаад урагш алхаж, урагш тэмүүлэхэд хэцүү болох тусам бууж өгөлгүйгээр, шантралгүйгээр улам хичээн чармайдаг юм бэ? Учир нь тэд маргааш өнөөдрөөс илүү сайн байж чадна гэдэгт, ирээдүй өнөөдрөөс илүү сайхан байж болно гэдэгт, зорилгодоо хүрч чадна гэдэгт, бэрхшээлээ даван туулж чадна гэдэгтээ итгэдэг. Амьдралд нь хичнээн хүнд хэцүү зүйл тохиолдсон нь гэсэн яг л шатаж буй үнснээс дахин төрдөг галт шувуу (Харри Поттер киноноос ашиглав) адил тэдний цайз хэрэм мэт итгэл найдвар нь тэднийг амьдралын саарал өдрүүдээ даван туулахад нь тусладаг.

Ингээд бодохоор итгэл найдвар гэдэг гайхалтай зүйл. Энэ бол бидний хонгилын үзүүр дэх гэрэл. Хүн бүхэнд тэр гэрэл нь бий. Гагцхүү зарим хүмүүс тэр гэрлээ олж харж чадахгүйн улмаас түр төөрөлдөх, эсвэл амьдралд нэг мөсөн хөлөө алдах нь дэндүү харамсалтай. Хүн бүхний амьдралд сайн сайхан амьдрал, хүсэл мөрөөдөл, зорилгийнхоо өмнө итгэл найдвараа алдсан нэгэн байж л байгаа. Гутранги үзэл бодолдоо дарагдаж, шаналал зовлонгоо мартахын тулд хар усанд автаж, хамгаас хайртай бүхнээ өөрөөсөө түлхэн холдуулж, өдөр ирэх тусам амьдрал нь уруудах нь тэдний нийтлэг төрх.Тэгвэл энэ байдлаас хэрхэн гардаг юм бэ?

Саяхныг хүртэл би зөвхөн онцгой сэтгэлийн тэнхээтэй, тэвчээр хатуужилтай хүн л эдгээр өдрүүдийг даван туулж чаддаг гэж бодож явлаа. Гэвч энэ хүмүүст бусдаас онцгой, өөр, гайхалтай зүйл байдаггүй юм байна. Гагцхүү тэд амьдралд нь юу ч тохиолдсон итгэл найдвараа гээлгүй хонгилын үзүүрт гэрэл байгаа гэдэгт тэд баттай итгэж амьдардаг аж. Тиймээс амьдрал хичнээн хэцүү бас ээдрээтэй болсон ч гагцхүү итгэл найдвараа л битгий алд. Үүл нарыг халхалдаг ч нар үргэлж байрандаа байсаар л байдаг шиг хонгилын үзүүр дэх гэрэл харагдахгүй байсан ч гэсэн гэрэлтсээр байгаа гэдэг тэр итгэл найдвараа битгий алд. Учир нь тэр тэндээ байсаар байгаа. Амьдралд дандаа нартай сайхан өдрүүд байхгүй заримдаа үүлэрхэг, аадар бороотой, шуургатай өдрүүд ч бий. Гэхдээ энэ бүхэн өөрчлөгдөж, хэцүү, муухай бүхэн өнгөрсөнд үлдэж итгэл найдвараар гэрэлтсэн тэр гэрэлт ирээдүйгээ та бүтээж чадна. Өөртөө итгэ. Өөртөө найд. Итгэл найдвараа зүрхэндээ чандлан хадгал. Хэзээ ч битгий алд.

Хонгилын үзүүрт гэрэлт бий.

 

About Sukhee

Өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг, илүү дээр амьдралыг бүтээн бий болгохыг хүсдэг, үргэлж өчигдрөөс илүү өнөөдрийн төлөө тэмүүлдэг хүсэл мөрөөдөл, гэрэл гэгээ дүүрэн тэр л амьдралыг ганцхан танд ч болов өгөх гэсэн асар том зорилгын төлөө энэхүү сайтаа 5 жилийн турш ажиллуулж байна.

Таны сэтгэгдлийг сонсъё.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.