5 жил – 200,000

Хувь хүний хөгжил, яагаад хүн өөрийгөө үргэлж хөгжүүлэх ёстой тухай 2012 онд анх бичиж эхэлсэн блог маань өнөөдөр 200,000 дахь зочноо хүлээж авлаа. Анх цахим тэмдэглэлийн дэвтэр гэж бодон эхлүүлж байсан блог маань одоо аль хэдийн өөрийн гэсэн уншигчдийн хүрээлэл, бааз суурьтай, өөрийн гэсэн 112 ширхэг нийтлэлтэй болсон байна. Датакомын Энхбат ах “Вэб сайт бол үл хөдлөх хөрөнгө. Харин фэйсбүүк бол тавилгатай түрээсийн байр. Хэдий тухтай байж болох ч хүний нэрээр брэнд үүсгэдэггүй” гэж хэлсэн нь өөрийн гэсэн блогтой/сайттай байх ямар чухал болохыг хамгийн оновчтой хэлсэн. Тэгээд өнөөдөр блог хөтлөх үү яах уу гэж гайхан байж магадгүй танд урам зориг өгөх зорилгоор 5 жилийн хугацаанд сурсан зүйлсээсээ уншигч тантай хуваалцъя.

Талархал ба урам зориг

“Тэнүүн явахад тэмээгээр тусалснаас, тэвдэж явахад тэвнээр тусал” гэж миний ардын нэг сайхан үг байдаг. Хэрэгтэй хүнд нь, хэрэгтэй үед нь хамгийн хэрэгтэй тэр үгийг нь олж хэлэх шиг сайхан зүйл байдаггүй юм байна гэдгийг блогоороо би дамжуулж сурсан. Амьдрал дээр хэзээ ч уулзахгүй байж болох ч бичсэн нийтлэлээрээ дамжуулж хэн нэгний амьдралд багахан ч гэсэн нэмэр болж байгаагаа нийтлэлүүдийн доор сэтгэгдэлүүд болон имэйлүүдээс мэдрэх магадгүй хамгийн гайхалтай мэдрэмж. Тэр л сэтгэгдлүүдийн ачаар өнөөдрийг хүртэл блогоо үргэлжлүүлэн бичих урам зориг дүүрэн байдаг байх.

Чадвар ба мэдлэг

Анхлан сонирхол, хобби маягаар бичиж байсан ч яваандаа блог хөтлөх арга зүйд суралцах, вэб сайт хөгжүүлэхэд суралцах, нийтлэл бичих арга зүйд суралцах зэрэг блог хөтлөөгүй байсан бол магадгүй маш холуур өнгөрөх байсан тэр чадваруудад суралцах шаардлага бий болсон. Хамгийн гайхалтай нь эндээс суралцаж байгаа зүйлс маань карьер болоод хувийн амьдралд маань бодит хувь нэмрийг үнэхээр их оруулсан бас оруулсаар ч байгаа.

Тэвчээр

Нэг өдрийн дотор амжилтанд хүрдэггүй гэдгийг надад хамгийн сайн ухааруулж чадсан зүйл бол миний блог. Анх эхэлж байхад блогт маань өдөрт 10-15 хүн л зочилдог байлаа. Өдөртөө хэдэн арван мянган уншигчидтай блогуудыг хараад өөрийн блогоо харахад биелэшгүй мөрөөдөл мэт санагддаг байлаа. Харин энэ тоо бага багаар өссөөр 5 жилийн дараа өнөөдрийн байдлаар дунджаар 150-200 хүн зочилж байна. Магадгүй дахиад 5 жилийн дараа энэ тоо хэд хүрэх бол?

Ингээд таван жилийн хугацаанд хамт байсан эрхэм уншигч танд баярлалаа. Цаашдаа илүү чанартай бас олон давтамжтай нийтлэлүүдийг, илүү олон форматаар та бүхэндээ хүргэхээр төлөвлөн ажиллаж байна.

О.Эрдэнэсүх

2017.10.21

About Sukhee

Өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг, илүү дээр амьдралыг бүтээн бий болгохыг хүсдэг, үргэлж өчигдрөөс илүү өнөөдрийн төлөө тэмүүлдэг хүсэл мөрөөдөл, гэрэл гэгээ дүүрэн тэр л амьдралыг ганцхан танд ч болов өгөх гэсэн асар том зорилгын төлөө энэхүү сайтаа 5 жилийн турш ажиллуулж байна.

Таны сэтгэгдлийг сонсъё.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.