Амьдрал урсаж байна…

Амьдрал урсаж байна…

Хором мөч бүхэнд тэр алслан одож байгаа. Цаг хугацааны эргүүлгэнд ганцхан олдох атлаа хязгаартай бидний амьдралын завь урссаар л байгаа.

Харин бид…

Өчигдөрөө бодон гунихарч, маргаашаа бодон санаашран суусаар гагцхүү бүхнийг өөрчилж болох, цорын ганц бодит өнөөдөр хэмээх цаг хугацааг үнэ цэнэгүйдүүлсээр л…

20 мянган төгрөг аваад хогийн саванд хаяхгүй хэрнээ хэзээ ч эргэж ирэхгүй, хүсээд ч дахиж олдохгүй амьдралынхаа 20 минутыг бол саятан мэт цацсаар л…

Маргааш хэзээ ч болохгүй байх боломжтойг мэдэх атлаа хайрын үгсээ, халамжит үйлсээ маргааш хэмээн хойшлуулсаар л…

Эд материал, алдар нэр, эрх мэдлээр амьдрал дүүрдэггүй гэдгийг энэ дэлхийн хамгийн баян хүн хэртэл ухааран хэлээд байхад аз жаргал, эрүүл мэнд, хүн чанар, цаг хугацаа бүхнээ золиослон байж тэдний араас үхэн хатан тэмүүлсээр л…

Харин та…

Ганцхан өнөөдөр одоо цагт амьдраад үзээч. Хаашаа ч юм яаран алхах тэр “завгүй” амьдралаасаа түр завсарлага аваад эргэн тойрноо түр ажиглаач. Гадаа намар болж байна. Навчис шарлаад л, хаа сайгүй намрын өнгө. Амьдрал нэгэн хэвэндээ л гэж та бодож байж магад гэвч өөрчлөлт айсуйг та анзаарч байна уу. Өнөө өглөө нүүрийг чинь илбэх хөнгөн салхийг, зулайг чинь төөнөн амьд бүхэнд амьдрал бэлэглэн буй алтан нарыг мэдэрсэн үү. Та амьд байгалийн гайхамшгийг мэдэрч байгаагаа анзаарч байна уу.

Хийж буй бүхнэээ зогсоогоод бяцхан үрийнхээ цангинах инээдийг сонсож, хорвоогийн хамгийн цайлган тэр инээмсэглэлийг харж баяс. Та аз жаргалыг мэдэрч байгаагаа анзаарч байна уу. Хайртай хүнийхээ нүдрүү харц тогтоон ширт. Та хайрыг мэдэрч байгаагаа анзаарч байна уу.

Амьдрал урсаж байна. Тэр яг л хэзээ ч үл зогсох эрчит мөрөн адил урсаж байна. Гэвч амьдралд таны хийх таны аялал мөдхөн төгсгөлдөө ирнэ. Үхлийн өмнө ирэхэд үндэс угсаа, баян ядуу, үзэл бодол бидэнд ялгаагүй ээ. Энэ ертөнцөд бид ердөө л зочлоод өнгөрч буй. Бид эндээс юу ч авч одохгүй. Нүцгэн ирсэн, нүцгэн л буцна.

Тиймээс та…

Амьдрал минь сайхан байна уу…гэж өөрөөсөө битгий  асуу харин амьдрал минь утга учиртай байна уу… гэж асуу. Амьдрал минь баян байна уу гэж бус амьдрал минь зорилготой байна уу гэж асуу…Тэгээд бүхнийг биш ч ганцыг арай өөрөөр өнөөдрөөс хийж эхэл.

Учир нь амьдрал урсаж байна. Тэр танаас алслан одож байна.  Яг л энэ мөчид.

About Sukhee

Өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг, илүү дээр амьдралыг бүтээн бий болгохыг хүсдэг, үргэлж өчигдрөөс илүү өнөөдрийн төлөө тэмүүлдэг хүсэл мөрөөдөл, гэрэл гэгээ дүүрэн тэр л амьдралыг ганцхан танд ч болов өгөх гэсэн асар том зорилгын төлөө энэхүү сайтаа 5 жилийн турш ажиллуулж байна.

Таны сэтгэгдлийг сонсъё.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.