Өөрөөрөө байхын “сул тал”

Хүн өөрийгөө таньж мэднэ гэдэг тодорхой цаг хугацааны дараа бий болдог магадгүй хүн өөрийгөө 20-иод насандаа таньж мэддэг байх гэж би их боддог байлаа. Гэвч хүн өөрийгөө 20 хэдэн жил амьдраад таньдаггүй харин хором мөч бүхэнд таньж мэдэж байдаг юм байна гэсэн бодол ойрноос бодолд эргэлдэх боллоо.

Амьдралд учрах бэрхшээл, туршлага, үйл явдал бүхэн бүгд би хэн бэ гэх тэр асуултын хариултыг аажмаар, бага багаар өөрчилсөөр байдаг. Жишээ нь би юунаас ч айдаггүй зоригтой гээд сайрхаад байдаг нөхрийг түнэр шөнийн харанхуйд эзгүй хээр ганцааранг нь алхуулж үзүүлэх хэрэгтэй. Ийм нөхцөлд нуруу руу нь хүйт даадаггүй, бие нь хөшдөггүй хүн гэж байх уу?

Тэгвэл өөрчлөлт хэнд хамгийн хүндээр тусдаг вэ? Өөрчлөлт ахмад үед илүү хүнд байдаг гэж  боддог байлаа гэхдээ бас тийм биш юм байна. 20-30 насны ид суралцдаг, өсөж хөгждөг насны залуус дунд ч өөрчлөлтийг хүлээж авч чаддагүй бүлэг байдаг юм байна. Шалтгаануудын нэг нь тэдний “би бол ийм л хүн” гэх тэр бат итгэл үнэмшил. Уул шугамандаа хүн өөрийгөө таньж мэдсэн бол бусдын нөлөөнд авталгүй, өөрийн гэсэн стилээр амьдардаг гэж би бодож байв. Харин тэр итгэл үнэмшлээ цорын ганц үнэн мэт “сохроор” тахин шүтэхийн сул талыг хараахан олж хараагүй байж.

Бидний амьдрарч буй энэ цаг үе өөр байхыг, өөрчлөгдөхийг, хурдацтайгаар суралцахыг биднээс өдөр бүр шаардаж байна. Харамсалтай нь өөрийгөө хэтэрхий эрт “таньж мэдсэн” хүмүүс энэ бүхэнд хамгийн их барьц алддаг юм байна. Мэддэг байсан, таньдаг байсан, чаддаг байсан зүйлс нь “хуучирсан, уйтгартай, хэрэгцээгүй” гэх мэт тэр нэршилтэй болоод ирэхээр хэн ч гэсэн хамгийн түрүүнд “хамгаалалтын горим”-д шилждэг. Өөрөөр хэлбэл би бол ийм хүн, би ингэж л ажилладаг, би ингэж л суралцдаг, ингээд амьдраад болоод л байсан юм гэсэн бат итгэл үнэмшил дээрээ бат зогсох тэд өөрчлөлтийг яаж хүлээж авах уу, яаж дасан зохицох уу, яаж өөрт ашигтайгаар эргүүлэх үү гэдэг тухай биш зөвхөн хэрхэн яаж “өөрийгөө хамгаалах уу” гэдэг тухай бодож тэмцсээр өөрчлөлт, шинэчлэлтийн хурдны гал тэргээс тээр хойно хоцрох нь дэндүү харамсалтай.

Мэдээж өөрийн гэсэн үнэ цэнийн хязгаартай, жанжин шугамтай, салхинд хийссэн хамхуул бус амьдрах нь маш чухал гэвч өөрчлөлт гэдэг бол төгсгөл эсвэл урвалт биш. Энэ магадгүй эхлэл. Энэ магадгүй тайлал. Энэ магадгүй боломж. Нэгэнтээ чиний хамгийн ихээр харамлаж, нандигнаж, хамгаалж байсан тэр зүйлс чинь харин одоо чиний хөгжил дэвшил, амжилт бүтээл, аз жаргалыг нь чинь хамгийн ихээр хойш нь татаад байгаа жинхэнэ шалтгаан болсон байвал яах вэ?

Бодох л асуудал.

About Sukhee

Өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг, илүү дээр амьдралыг бүтээн бий болгохыг хүсдэг, үргэлж өчигдрөөс илүү өнөөдрийн төлөө тэмүүлдэг хүсэл мөрөөдөл, гэрэл гэгээ дүүрэн тэр л амьдралыг ганцхан танд ч болов өгөх гэсэн асар том зорилгын төлөө энэхүү сайтаа 5 жилийн турш ажиллуулж байна.

Таны сэтгэгдлийг сонсъё.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.