Өнгө

Үнэнийг хэлэхэд би өнгө ялгахдаа сайн биш ээ хар цагаан тэгээд л болоо доо, ер нь тэгээд ч эрэгтэй хүмүүс өнгө ялгахдаа эмэгтэй хүн шиг мундаг биш гэсэн судалгаа хүртэл байдаг юм байна лээ. Үнэн ч байж магад…

За тэр ч яахав өнөөдөр энд хар цагаан өнгөний талаар ярих гэсэнгүй харин амьдралын өнгийн талаар ярих гэсэн юм. Амьдрал хэдэн өнгөтэй байдаг бол? Яг хэдэн өнгөтэйг нь би мэдэхгүй гэхдээ би нэг зүйлийг баттай мэдэж байна амьдрал маш олон өнгөтэй. Тэр хэтэрхий олон өнгөтэй болохоор бид түүний өнгөнөөс маш цөөхнийг л нь мэднэ.

Өнөө орой ямар хоол идэх вэ гэж гайхшрах нэгэн байхад
Өнөө орой хоол олдох болов уу гэж гайхшрах нэгэн байна.

Өдөр бүхэн нэг ижил хоол идээд залхаж байна аа гэх нэгэн байхад
Өөдөсхөн үрээ хоосон хонуулчихгүй юмсан гэх нэгэн байна.

Хүнийг хайрлах хэцүү юмаа гэх нэгэн байхад
Хайрлах хүнтэй болох юмсан гэх нэгэн байна.

Нар шатаад урсгаж алах нь ээ гэх нэгэн байхад
Нар байгаа болохоор л амьдрал оршиж байна гэх нэгэн байна.

Эв эрүүл мөртлөө надад юу ч байхгүй хэмээн гомдоллох нэгэн байхад
Хөлгүй ч гэсэн хоёр гартай байгаа минь гайхалтай хэмээн талархах нэгэн байна.

Өтгөс буурлаа хүндэтгэн хайрлаж дээдлэх нэгэн байхад
Үхэж өгдөггүй зөнөгүүд гэх нэгэн байна.

Үзэсгэлэнт сайхан царайтай ч үзээрийн дотортой нэгэн байхад
Үзэсгэлэн нь зөвхөн зүрх сэтгэлээс нь гэрэлтдэг нэгэн байна.

Өөрчлөлт бүхнийг сүйрэл хэмээн хүлээж авах нэгэн байхад
Өөрчлөлт бүхнийг боломж хэмээн харах нэгэн байна.

Намайг тэнэг гэвэл би түүнийг тэнэг л гэнэ гэх нэгэн байхад
Надаас гарсан хандлага надад л эргэж ирнэ гэх нэгэн байна.

Амьдралыг урсах гол мэт төсөөлөх нэгэн байхад
Амьдралыг адал явдалт аялал хэмээх нэгэн байна.

Зайрмаганд дуртай нэгэн байхад
Зайдсанд дуртай нэгэн байна.

Хар өнгөнд дуртай нэгэн байхад
Цагаан өнгөнд дуртай нэгэн бас байна.

Амьдрал ийм л олон, тоочоод байвал дуусхааргүй олон өнгөтэй. Үүнээс хэдэн өнгийг нь таныг мэддэг гэдгийг би мэдэхгүй. Амьдрах хугацаандаа хэдийг мэддэг болохыг чинь ч би мэдэхгүй. Гэхдээ би ингэж хэлье. Таны хамгаас сайн мэдэх нэг өнгө бол таны өөрийн амьдралын өнгө гэвч энэ хорвоо ертөнц дээр таны мэдэхгүй, таны мэдэхийг хүсэхгүй, таны мэдэж чадахгүй, таны мэдэж амжаагүй өнгө үнэхээр олон. Тиймээс ч та хааяа ч гэсэн санаатайгаар бусад өнгийг таньж мэдэхийг хичээгээрэй. Бүх чадлаараа хичээгээд ч болов өөрийнхөө өнгөнөөс өөр бусад хэд хэдэн өнгийг хар, мэдэр бас ойлго. Яагаад гэж үү?

Учир нь олон өнгө мэддэг хүн мэдрэмж сайтай байдаг юм. Амьдралыг ойлгож, олон талаас нь харж бодож, эргэцүүлж чадах тэр мэдрэмж6

Би ч гэсэн зөвхөн хар цагаанаар зогсолгүй хамаг бүх өнгийг таньж мэдэхийг хүсч байна. Аялалд минь та харин нэгдээрэй.

About Sukhee

Өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг, илүү дээр амьдралыг бүтээн бий болгохыг хүсдэг, үргэлж өчигдрөөс илүү өнөөдрийн төлөө тэмүүлдэг хүсэл мөрөөдөл, гэрэл гэгээ дүүрэн тэр л амьдралыг ганцхан танд ч болов өгөх гэсэн асар том зорилгын төлөө энэхүү сайтаа 5 жилийн турш ажиллуулж байна.

2 thoughts on “Өнгө

  1. өнөөдөр л унших боломж нээгдлээ улам шимтэн цааш уншмаар бүтээлчээр өөрчлөгдмөөр байна

Таны сэтгэгдлийг сонсъё.