“ЯАГААД”-с эхэл (Start with Why)

  • Номын нэр: “ЯАГААД”-с эхэл буюу гайхалтай удирдагчид хэрхэн бусдыг уриалан дуудаж чаддаг вэ?
  • Зохиолч: Саймон Синек (Simon Sinek)
  • Хэвлэгдсэн он: 2009
  • Хуудасны тоо: 246

Колумбиа их сургуулийн стратегийн харилцааны багш бөгөөд ТББ-уудад зөвлөх үйлчилгээ үзүүлэгч томоохон байгууллагуудын нэг RAND корпорацийн гишүүн Саймон Синекийн “Яагаад”-с эхэл хэмээх энэхүү ном нь дэлхий дахинаа цоо шинэ үзэл санааны хөдөлгөөн болтлоо алдаршсан. Мөн түүний TED платформ дээр танилцуулсан илтгэл нь бүх цаг үеийн хамгийн олон үзэгчидтэй илтгэлүүдийн нэг бөгөөд нийтдээ 29 сая гаруй хүн одоогоор үзээд байгаа аж. 

Саймоны гол гаргасан санаа нь “Алтан Тойрог” буюу Юу, Яаж, Яагаад гэдэг 3-н асуулт бизнест, хувь хүнд болон нийгэмд хэрхэн нөлөөлдөг, тэднийг чадварлаг удирдагчид хэрхэн ашигладаг тухай юм. Ихэнхдээ бид юу хийдэг, тэрийгээ яаж хийдгээ мэддэг боловч яагаад гэдгээ төдийлөн мэддэггүй дээрээс нь яагаад гэж асуух тухай бодолгүйгээр амьдарч, бизнесээ эрхэлсээр байдаг аж. Харамсалтай яагаад гэдгээ мэддэггүй бизнес, хувь хүн амжилтанд хүрч чаддаггүй, хүрлээ ч удаан тэр хэвээрээ байж чаддаггүй аж. Алтан тойргийг бизнесийн хэл дээр тайлбарлавал: 

  • Юу (What) – Байгууллагын зарж, борлуулдаг бүтээгдэхүүн үйлчилгээ 
  • Яаж (How) – Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрхэн харилцагчиддаа хүргэж, өрсөлдөгчдөөсөө ялгардаг стратеги
  • Яагаад (Why) – Яагаад тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, үйлчилгээг санал болгодогоо мэддэг байх өөрөөр хэлбэл энэ бол зөвхөн ашгийн тухай биш бөгөөд байгууллага, компаний суурь зорилго, үнэт зүйлс, итгэл юм
diagram_1

Ихэнх бизнесүүд лого, алсын хараа, үнэт зүйлс, зорилго, бүтээгдэхүүн, зарчим гэх мэт зүйлсээ вэбсайтдаа байрлуулсан байдаг. Харин яг үнэндээ эдгээр нь яг ямар утга агуулгатай талаар олон нийтэд битгий хэл бизнес дотроо ч тайлбар хийдэггүй. Аль нэг томоохон компаний ажилтнаас очоод чи яагаад энд ажиллах дуртай вэ, яагаад танай компани бусдаас өөр юм бэ, яагаад би танай бүтээгдэхүүнийг авах ёстой юм гээд асуухад торох юмгүй хариулж чадах хүн олдохгүй байх. Гэтэл компани хаалгачаас эхлээд үүсгэн байгуулагч хүртэл нэг ижил итгэлтэй, үнэт зүйлстэй, зорилготой, ойлголттой болж чадсан цагт л бизнес урт удаан хугацаанд амжилтанд хүрэх боломжтой болдог аж. 

Мөн “яагаад”-аа мэдэхгүй байдлаасаа болж хамгийн их алдаатай ажилладаг нэгж бол компаний маркетинг, борлуулалтын нэгж юм хэмээн тэр өгүүлжээ. Ихэнхдээ компаниудын сурталчилгаа юу болон яаж дээрээ л төвлөрдөг боловч яагаад нь үргэлж орхигдсон байдалтай байдаг аж. Энэ санаагаа Саймон Apple INC-ийн жишээн дээр тодорхой харуулж чадсан. 

Ихэнх бизнесийн жишээ: 

“Бид гайхалтай комьпютер хийдэг. Манай комьпютерууд гоёмсог дизайнтай, хэрэглэхэд хялбар бас маш ойлгомжтой. Та худалдаж авахыг хүсч байна уу?”

Apple INC жишээ:

“Бидний хийдэг бүхэн, бидний итгэдэг бүхэн улиг болсон ойлголт бүхнийг сориход оршдог. Бид өөрөөр сэтгэж бодоход итгэдэг. Улиг болсон бүхнийг сорихийн тулд бид бүтээгдэхүүнээ гоёмсог дизайнтай, энгийн бас хэрэглэхэд хялбараар бүтээдэг. Мөн бид гайхалтай комьпютер хийж чаддаг. Та худалдаж авахыг хүсч байна уу?”

Номын хувьд уншихад энгийн, ойлгомжтой боловч зохиолч гол санаагаа улам бататгах үүднээс нэг жишээг хэтэрхий олон удаа ашиглаж нуршсан байж магадгүй. Миний хувьд эхний 2 бүлэг хамгийн сонирхолтой, хамгийн гол санаанууд нь гарсан санагдсан. Чадварлаг удирдагч болж бизнесээ, хувийн амьдралаа амжилтанд хүргэхийг хүсч буй хүн бүхэнд унших номын жагсаалтандаа оруулаарай гэж зөвлөе.

Номноос:

“Гайхалтай удирдагчид өөрсдийн зөн совиндоо итгэдэг. Тэд логикоос түрүүлж зүрх сэтгэлийг байлдан дагуулж чаддаг. Тэд бүхнээс түрүүнд “Яагаад”-аа тодорхой болгож эхэлдэг хүмүүс байдаг.”

“Хэрэв бид бүгд логик сэтгэлгээ үнэлэмжээр бүхнийг шийддэг байсан бол жижиг бизнесүүд, нээлтүүд, инноваци болон гайхалтай удирдагчид төрөхгүй байх байсан. Харин эдгээр зүйлс илүү гайхалтай сайхан зүйл бий болгож чадна гэсэн хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй итгэл байсны ачаар бий болдог.”

“Мэдээж “яагаад” гэдэг бол зөвхөн итгэл. Яаж гэдгээрээ чи тэр итгэлийг харин бэхжүүлдэг. Харин юу гэдэг чинь бол яаж гэдгээс чинь төрөн гарсан үр дүн байдаг ба эдгээр нь танай бүтээгдэхүүн, үйлчилгээ, маркетинг, пи-ар, байгууллагын соёл тэр бүү хэл хэнийг ажилд авсан бэ зэрэг зүйлс байдаг юм.”

About Sukhee

Өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг, илүү дээр амьдралыг бүтээн бий болгохыг хүсдэг, үргэлж өчигдрөөс илүү өнөөдрийн төлөө тэмүүлдэг хүсэл мөрөөдөл, гэрэл гэгээ дүүрэн тэр л амьдралыг ганцхан танд ч болов өгөх гэсэн асар том зорилгын төлөө энэхүү сайтаа 5 жилийн турш ажиллуулж байна.

Таны сэтгэгдлийг сонсъё.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.