Зуршлын хүч (Power of Habit)

Номын нэр: Зуршлын хүч буюу бид яагаад амьдралд болон бизнесд байнга хийдэг зүйлсээ хийдэг вэ?

Зохиолч: Чарльз Дахигг (Charles Duhigg)

Хэвлэгдсэн он: 2012

Хуудасны тоо: 365

New York Times, Amazon, USA Today, Financial Times болон McKinsey зэрэг дэлхийд алдартай институциүдийн шилдэг номын жагсаалтыг удаан хугацаанд тэргүүлж, 40 гаруй хэлнээ орчуулагдсан энэхүү номын зохиолч нь нь Пулитзерийн шагналт эрэн сурвалжлах сэтгүүлч Чарльз Дахигг юм.

Хүн өдөр тутмын амьдралдаа байнга давтдаг ч төдийлөн анзааралгүйгээр, анхаарал төвлөрүүлэлгүй хийдэг тэр зүйл буюу зуршил хэрхэн үүсдэг, амьдралд яаж нөлөөлдөг, түүнийг хэрхэн өөрчлөх болон хэрхэн шинээр зуршил бий болгох талаар маш энгийн бичсэнээс гадна амьдралд ойр жишээнүүдийг ашиглаж чадсанаараа энэ ном яахын аргагүй онцгой байлаа. Түүний дэвшүүлсэн гол санаа бол “Зуршлын тойрог” ба тус тойрог нь дараах байдлаар хэрэгждэг аж.

  • Өдөөгч (Cue) – Нэгэнт зуршил болсон зүйлээ хийхэд хүргэдэг өдөөгч сэжүүр
  • Дадал (Routine) – Өдөөгчдөө автсан тохиолдолд байнга хийдэг үйлдэл буюу дадал
  • Сэтгэл ханамж (Reward) – Зуршсан зүйлээ хийснээр авах сэтгэл ханамж буюу үр дүн
Credit: Charles Duhigg Website
Credit: Charles Duhigg Website

Олон хүн муу зуршлаа арилгах гэж ихээхэн чармайдаг ч ихэнхдээ бүтэлгүйдэг. Үүний нэг томоохон шалтгаан нь тухайн үйлдлийг хийснээр ямар сэтгэл ханамж, үр дүнд хүрэхийг хүссэн шалтгаанаа зөвөөр олж тогтоодоггүйд байдаг аж. Хэрэв тэр шалтгаанаа зөв тогтоосон тохиолдолд өдөөгчийн нөлөөнд автан хийдэг дадал болсон муу үйлдлээ илүү эерэг үйлдлээр сольж ижил төрлийн сэтгэл ханамж, үр дүнг авах боломжтой аж. Ингэж чадсанаар муу зуршлыг шинэ эерэг зуршил болгон өөрчилж болно гэж тэр үзжээ.Зохиолч энэхүү санаагаа зөвхөн хувь хүний амьдралд бус бизнес болон нийгэмд яаж хэрэгждэг гэдгийг илүү олон жишээгээр харуулж чадсан.

Миний хувьд номыг уншиж дууссанаас хойш өөрийн тогтсон дадал зуршлуудаа маш болгоомжтой ажиглаж эхэлсэн ба юуны түрүүнд зарим нэг муу зуршлуудаа эерэг болгон өөрчлөх төлөвлөгөөтэй байна. За ингээд ер нь бол өөрийн амьдралаа, бизнесээ сайжруулахыг эсвэл нийгэмд эерэг өөрчлөлт бий болгохыг хүсч байгаа бол заавал унших ёстой номныхоо жагсаалтад оруулаарай гэж зөвлөж байна.

Номноос:

“Сэтгэлийн тэнхээ, тэвчээр гэдэг бол зөвхөн чадвар төдий зүйл биш. Харин яг чиний гар хөлийн булчинтай адил зарчмаар ажилладаг нэгэн төрлийн булчин. Өөрөөр хэлбэл өөрөөсөө илүү сэтгэлийн тэнхээ, тэвчээр шаардах үед яг л фитнест дасгал удаан хийхээр булчин цуцдагтай адил энэ булчин бас л цуцдаг. Тиймээс сэтгэлийн тэнхээ, тэвчээрийн булчингаа байнга дасгалжуулж байх хэрэгтэй.”

“Чи зуршлаа ямар зарчмаар ажилладгийг нь олж мэдэхэд өөрөө хэлбэл ямар өдөөгч болон сэтгэл ханамж байгааг олж мэдсэн тэр цагт бүх зүйл маш энгийн. Яг л нийт ажлынхаа 50 хувийг  хийчихсэнтэй ижил юм.”

“Эрдэмтдийн үзэж байгаагаар зуршил бий болдог гол шалтгаануудын нэг нь бидний тархи цаг үргэлж өөртөө бага ачаалал бий болгох арга замыг хайж байдаг. Тиймээс бидний тархи төвөгтэй, бэрхшээлтэй бүхнийг зуршил болгон хувиргаж, зуршил нь бидний тархинд илүү бага ачаалалтай байх боломжыг олгодог аж.”

About Sukhee

Өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг, илүү дээр амьдралыг бүтээн бий болгохыг хүсдэг, үргэлж өчигдрөөс илүү өнөөдрийн төлөө тэмүүлдэг хүсэл мөрөөдөл, гэрэл гэгээ дүүрэн тэр л амьдралыг ганцхан танд ч болов өгөх гэсэн асар том зорилгын төлөө энэхүү сайтаа 5 жилийн турш ажиллуулж байна.

7 thoughts on “Зуршлын хүч (Power of Habit)

  1. Сайн байна уу?

    Зуршилын талаархи нийтлэлүүд таалагдлаа баярлалаа. Энэ ном монгол хэл дээр байгаа болов уу?

  2. iim saihan unetei heregtei medeelel ugch bdagt bayarlalaa. haigaad bsan medehiig husdeg zuilsee olloo. Good luck

Таны сэтгэгдлийг сонсъё.