30 ХОНОГ АМЬДРАЛДАА ШИНЭ ЗУРШИЛ ХЭВШҮҮЛЭЭД БИДНИЙ СУРСАН ЗҮЙЛС

“Бид нөхцөл байдлыг үргэлж сайжруулахыг хүсдэг ч өөрийгөө сайжруулахыг хүсдэггүй болохоороо амьдрал хэзээ ч дээрддэггүй.”- Жэймс Аллен

2016 оны 5-р сараас 6-р сар хүртэл Амжилтыг Өнөөдөр Өөрөөсөө ТББ-ын залуус #Зуршил30 хэмээх нэгэн хөтөлбөрийг эхлүүлж өглөө 5 цагт босох, өглөөд гүйх, ном унших, дасгал сургуулилалт хийх, өдрөө төлөвлөх гэх мэт хүн бүхэн өөрсдийн амьдралдаа нэг эерэг зуршил хэвшүүлэхээр шийдсэн юм. Яг л өглөө бүхэн шүдээ угаадаг шиг бид эдгээр үйлдлийг зуршил болгохоор шийдсэн юм. Анх 27 залуус ханцуй шамлан орсон ч яг тууштайгаар 9 залуус үлдэж хөтөлбөрөө амжилттай дуусгасан.  Харин одоо та бүхэнд тэр 9 залуучуудын зуршлыг тууштай хэвшүүлэх талаар сурсан бодит туршлага болон зөвлөгөөг танилцуулж байна.

 “Урам зориг чамайг эхлэхэд тус болох боловч зөвхөн зуршил л чамайг тууштайгаар цааш авч явж чадах болно”- Жим Рон

  1. Энгийнээр, багаас, амарханаас эхлэ. – Бид гэнэт их урам зориг авсан үедээ эсвэл гэнэт өөрчлөгдөхөөс аргагүй мэт болсон тэр үеүддээ баахан олон зүйлс зэрэг хийхээр сэтгэл шулуудан толгойдоо орж ирсэн бүгдийг хийхээр төлөвлөдөг. Гэнэтийн энэ их ачааллаас болоод бид ердөө 1-2 өдрийн дотор бууж өгөх нь бий. Амжилттайгаар урагшилахын тулд чи эхлээд энгийн, хийхэд амар, чамаас тийм ч их хүч шаардахааргүй зүйлээс эхлэх хэрэгтэй. Жишээ нь өдөрт 5 минутын бясалгал хийх гэх мэт. Халуун усанд бид шууд үсрээд орчихдоггүй бага багаар хөлөө дүрж дасгаж байгаад ордог. Яг л үүнтэй адил маш энгийн эерэг зуршлыг эхлээд өөртөө хэвшүүлээд өөрийн бодит туршлага болон бодол дээр үндэслээд дараа нь илүү анхаарал, эрч хүч, цаг хугацаа шаардсан зуршлуудруугаа явах нь илүү бодит бөгөөд биелэх боломжтой.
  2. Үргэлж өөртөө сануул. – Бид мартамхай. Амьдралд маш олон үйл явдал үргэлж өрнөж байдаг учраас санаатай биш ч магадгүй 7 хоногийн дараа л яагаад эхлэх болсноо, юу хийх болсноо мартсан байх боломжтой. Тиймээс яагаад анх эхэлснээ, юуны төлөө хийж байгаагаа үргэлж өөртөө сануул. Гэрийн хана, утас комьпютерийн дэлгэц, толь гэх мэтчилэн өдөр бүхэн чиний харж, хэрэглэдэг тэр зүйлс дээр бичээд наа, байрлуул тэгж байж л чиний зуршил чиний санах ойнд баттай хоногшиж чадахаас гадна чи өдөр бүхэн тууштай хийж чадна

“Би их удаан алхдаг гэхдээ би ухарч алхдаггүй”- Авраам Линколн

  1. Хамтрагчтай бол. – Хүн бусдын өмнө хариуцлага хүлээх үедээ илүү хичээдэг. Манай залуусын хувьд өглөөд нэг нэгнийгээ ээлжлэн залгаж сэрээж, хамтдаа болохгүй чадахгүй байгаа зүйлсээ ярилцаж, бие биедээ урам зөвлөгөө өгч байсан нь тууштайгаар, амжилттайгаар өдөр бүхэн зуршлаа хэвшүүлэхэд нь маш том хувь нэмэр болсон. Хамтрагч чинь урам зориг, эрч хүч чинь дундрах үед чамтай хамт байж бие биесээ дэмжих, зоригжуулах, чамайг хүчирхэгжүүлэх үүрэгтэйгээс гадна чиний яагаад, юуны төлөө хийж байгаа гэдгийг чинь чамд сануулах хамгийн сайн сануулга болно
  1. Зуршлыг өдөөгч, сануулагч тэр зүйлсээ олж мэд

Зуршил бүхэн өдөөгчтэй.  Бид тэр болгон анзаараад байдаггүй ч чиний муу, сайн зуршлууд бүгд өөрийн гэсэн өдөөгчтэй байгаа. Жишээ нь гэртээ очоод буйдан дээрээ суусан бол телевиз асаамаар санагдах, телевиз асаасан бол кино үзмээр санагдах, кино үзсэнээрээ хэвтмээр санагдаж хэдэн цагаар ч хамаагүй телевиз үздэг байж болно. Өөрөөр хэлбэл буйдан дээрээ суух гэдэг үйлдэл чиний телевиз байнга үздэг зуршлын чинь өдөөгч болж байна гэсэн үг.  Энэ мэтчилэн зуршлын өдөөгчдийг доорх 5 төрөлд ангилж болох ба чи өөрийн зуршлын өдөөгчөө зөв олж тогтоож чадвал тууштай байж чадах болно

Байгаа газар, хүрээлэн буй орчин – Чиний хамгийн идэвхитэй, хамгийн ихээр төвлөрч чаддаг эсвэл хамгийн ихээр амарч чаддаг газрууд гэж байгаа. Жишээ нь фитнест эрч хүч урам зоригтой, гэртээ тайван амгалан, кафед орохоороо төвлөрч чаддаг гэх мэтчилэн эдгээр газрууд нь өдөөгчид юм.

Цаг – Өдрийн аль цагт хамгийн идэвхитэй бас идэвхигүй байдгаа олж мэд. Ингэснээр зөвхөн тэр цагтаа зуршлаа хэрэгжүүлэх нь тууштайгаар, амжилттайгаар зуршлаа хэрэгжүүлэх нэгэн томоохон өдөөгч болох юм.

Сэтгэл хөдлөл, эмоци – Хүн нэг бол урам зориг авсан үедээ эсвэл цөхрөлд орсон үедээ л өөрчлөлтийг  хүсч хайж эхэлдэг. Хэрэв чи зөвхөн эерэг эрч хүчтэй байхдаа л зуршлаа гүйцэтгэж чаддаг бол чамд тэр мэдрэмж, сэтгэл хөдлөлийг өгдөг зүйлсээ олж мэд.

Бусад хүмүүсЧамтай ижил төрлийн зуршилтай эсвэл тэр зуршлыг хэрэгжүүлэхээр чамтай яваа хэн нэг хүн байгаа бол тэдгээр хүмүүс чинь зуршлын чинь хамгийн том өдөөгч болж өгөх болно. Мөн эерэг ба сөрөг хүмүүсийн хажууд хэр их эсвэл бага цаг зарцуулах нь томоохон өдөөгч болж өгнө

Дөнгөж өмнө нь хийсэн зүйл – Шинэ зуршлаа өөрийн үргэлж хийдэг ямар нэг зүйлтэй холбож болно. Жишээ нь өглөө нүүр гараа угаачихаад шууд 5 минут бясалга. Энэ 2 үйдлийг холбож чадсанаар өглөө болгон нүүрээ угаах нь тодорхой учраас, нүүр угаах болгонд бясалгал хийх ёстой гэж бодогдож эхлэнэ гэсэн үг.

“Чи л өөрчлөгдөхгүй юм бол чиний амьдрал хэзээ ч өөрчлөгдөхгүй.”-Жим Рон

Зуршлыг хэвшүүлэхэд тулгардаг хамгийн том бэрхшээл бол өөрийн оюун ухаанаа удирдаж чадахгүй байх. Арайхийж өнөөдрийг давлаа ёоо дахиад 29 өдөр гэх бодол, нөгөө талаас би 7 хоног сайн хийж чадсан юм чинь өнөөдөр ганц завсарлаад амарчихад яавал гэждээ гэх бодол нь олон хүнийг зуршлаа хэвшүүлж чадалгүй бүтэлгүйтэхэд хүргэсэн байгаа. Тиймээс энэ аюултай занганд автахгүй байх цорын ганц арга бол зөвхөн ӨНӨӨДӨР, ЯГ ОДОО л чи зуршлаа хийх хэвшүүлэх үйлдлээ хийх хэрэгтэй гэдэг бодол, хандлага. Өчигдөр ямар байсан, маргааш ямар байх бол биш зүгээр л өнөөдөр л би хийчих хэрэгтэй гэж бод. Нэг л мэдэхэд 30 өдөр өнгөрөн одож одоо чи яг л өглөө бүхэн шүдээ угаадаг шиг чиний шинэ зуршил чинийх болсон байх болно.

 #Зуршил30 хөтөлбөрт оролцсон манай залуучууд зөвлөж байна:

Өдөр тутмаа төлөвлөж сурах зуршил – С.Сэргэлэн & Г.Гэрэлээ

Эрүүл хооллолт, дасгал сургуулилалт зуршил – Б.Мандухай & Х.Хишигээ

  • Тогтсон эрүүл хооллолттой болсоноор хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагаа сайжирч өглөөд босоход бие хөнгөн сайхан байдаг
  • Чанартай илчлэг сайтай хооллохыг хүсвэл өөртөө тохирох хоолоо зориулж бэлдэж байх хэрэгтэй
  • Эрүүл зөв, гоолиг биетэй болохын тулд миний нэг олж мэдсэн зүйл бол нуруугаа цэх байлгах. Цэх байснаар цусны эргэлт сайжирч бодисын солилцоо нэмэгддэн хавагнах, хүйт оргих багасч, дархлаа сайжирдаг ба гэдэсний дотор булчин хөгжиж, гэдэс унжихаас сэргийлдэг мөн нурууны мах суларч унжихаас мөн сэргийлнэ. Нурууг цэх болгох дасгал:
    • Хананд дагз, мөр, өгзөг, өсгийгөө тулгаад зогс
    • Зулайнаасаа чанх дээш нь татуулсан мэт толгойгоо өргө.
    • Нурууныхаа хотгор хэсэг хана 2-н хооронд алгаа тавиж, гэдсээ чангал. Цээж чинь өргөгдөх болно.
    • Өгзөгөө чангалж, биеийнхээ жинг хөлийн эрхий хурууныхаа үе дээр төвлөрүүл. Энэ байрлал бол зөв цэх зогсолт юм.

Өглөө эрт босох зуршил – А.Гэрэл-Ундрам & О.Сувд

  • Орой унтахдаа маргааш босох цагаа өөрийн дотоо ухамсартаа маш сайн хэлж, сануулж унтах хэрэгтэй
  • Сэрсэн бол шууд босох, дахиад 5-хан минут гэж бодож болохгүй
  • Өөрийгөө зөв сэргээх хэрэгтэй. Сэрчихээд эргээд хэвтэх тохиолдол эхний 10 хоног бол ажиглагддаг. Энэ үед нь багахан биеэ сэргээх дасгалууд хийж болно. Жишээ нь: Гараа халуу оргитол хооронд нь үрээд нүүр, нүдээ дарах, чихээ үрж, чимхэх, гар, хөлийн булчинг базлах
  • Өглөөг урд өдрийн оройноос эхлүүлж байсан. Энэ бол хооллолт. Унтахаас 3-с дээш цагийн өмнө хооллосон тохиолдолд бие илүү амарч маргааш нь бие хөнгөн сайхан байдаг
  • Сэрүүлгээр сэрэх тохиолдолд сэрүүлгээ босож очоод унтраах тийм газар тавьчих. Сэрүүлгээ унтраачихаад цаашаа яваад нүүрээ угаахаар тохируулсан ч болно
  • Унтахдаа бүх цахилгаан хэрэгсэл, Wi-Fi-ийг унтааж, утсаа өөрөөсөө ялангуяа толгойноосоо хол тавьж унтах хэрэгтэй
  • Өглөө эрт боссоноор би юуг хожих вэ? Энэ бол маш чухал. Хий дэмий өглөө эрт босч хийх зүйлгүй үүрэглээд суух,хийх юмаа төлөвлөчихсөн эртхэн босоод хийх зүйлээ дэс дараалалтайгаар хийгээд эхлэх 2 тэс өөр зүйл юм.
  • Өөртэйгөө тэмцэлдэх шаардлага гарна. Энэ үед “би яах гэж эхэлсэн билээ?” гэдгээ сайн ухамсарлаад тэсчихвэл сүүлдээ асуудалгүй нэг л мэдэхэд зуршил болчхсон байсан
  • Өглөө эрт босдог болсноор нээх сэтгэл тэнэгэр байдаг болсоон. Урд нь бол яагаад ч юм манай гэрийнхэн намайг их ууртай байна л гэдэг байсан. Бас хийхийг хүсдэг байсан олон зүйлсээ өглөөний цагт амжуулж байгаа болохоор өдөр, орой нь цаг их гарч, урьд нь амждаггүй зүйл амжаад нэг л дүүрэн болоод л ирдэг. Өглөө босоод гарч гүйж байгаа болохоор бие хөнгөн сайхан байна.

Амжилт хүсье!

About Sukhee

Өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг, илүү дээр амьдралыг бүтээн бий болгохыг хүсдэг, үргэлж өчигдрөөс илүү өнөөдрийн төлөө тэмүүлдэг хүсэл мөрөөдөл, гэрэл гэгээ дүүрэн тэр л амьдралыг ганцхан танд ч болов өгөх гэсэн асар том зорилгын төлөө энэхүү сайтаа 5 жилийн турш ажиллуулж байна.

Таны сэтгэгдлийг сонсъё.