Номтой нөхөрлөхийн учир  

 

Ном бол ертөнцийг харах цонх юм.” гэж та бүхний сайн мэдэх нэгэн алдартан хэлсэн байдаг. Тиймээ ном гэдэг бол хүний нийгэмд бүтээгдсэн үнэхээр аугаа гайхамшигтай зүйлсүүдийн нэг. Өөрөөр хэлбэл анх цаас бий болж, модон бараар ном хэвлэж эхлэсэн тэр цагаас хүн төрөлхтний хөгжлийн түүхэнд хувьсгал гарсан гэж хэлэхэд буруудахгүй байх. Эрдэмт мэргэд, аугаа их сэтгэн бодогчид өөрсдийн оюун ухааны сод бүтээлүүдээ ард түмэндээ бүр хүн төрөлхтөн даяар нь хүргэх боломж бий болсон. Нэрт философич Плато “Мэдлэг бол хүч юм.” гэж хэлсэн нь магадгүй хамгийн онож хэлсэн нь юм болов уу. Ингэснээр зөвхөн язгууртан дээдэс, ноёд баядуудын үр хүүхдэд олддог байсан мэдлэг хэмээх хэмжээлшгүй хүч чадалыг жирийн нэгэн ядуу, дорд айлын хүүхдүүд хүртэл олж эзэмших боломж бий болсон.

Өнгөрсөн түүхийн эрин зуунуудад маань ном гэдэг зүйлийн эзлэх байр суурь, цар хүрээ гэдэг хэмжээлшгүй их байжээ. Харин өнөөдөр бид нарт интернет гэж цоо шинэ мэдээлэл авч мэдлэгээ тэлэх нэгэн зүйл бий болсноор бид энэ эрин зуунаа “Мэдээллийн эрин зуун” хэмээн нэрлэсэн билээ. Харамсалтай нь интернет бий болсноор хүмүүс ном унших нь их ховор болж хүссэн мэдээллээ хайлтын цонхон дээр бичихэд л хэдхэн хормын дотор гараад ирэх болсон энэ л цаг үед амьдарч байгаа. Тийм ч болохоороо зарим хүмүүс ном унших гэдэг бол хоцрогдсон, уйтгартай, энэ хурдтай хөгжиж буй нийгэмд цаг их авдаг энэ зүйлээр яах юм бэ гэх мэтчилэн ярих нь чих дэлсэх болжээ. Хэдий хүссэн мэдээллээ хэзээд ч, хаанаас ч, хэдхэн секундын дотор авна гэдэг их боломжын сайхан сонсогдож байгаа ч үүнийг нэг сайхан өөрийгөө хэрхэн хөгжүүлэх болон амжилтанд хэрхэн хүрэх талаар ном уншаад  дуусахтай харьцуулах юм бол чанарын ялгаа нь ёстой бидний хэлдэгчлэн “хужаа бараа vs япон бараа” л болох байх даа. Хичнээн авч буй мэдлэг чинь ижил мэт санагдавч, таны амьдралд нөлөөлөх нөлөөлөл, гүйцэтгэх үүрэг нь тэс ондоо түвшинд бий.

Тийм ч болохоор өндөр амжилтанд хүрсэн, алдар цуутай, эрх мэдэлтэй, баян хүмүүс бүгд л ном их уншдаг, хүүхэд залуусыг ном уншихийг их уриалан дэмжсэн байдаг. Миний бахархаж явдаг, манай цаг үеийн шилдэг сэтгэгчдийн нэг Жим Рон хэлэхдээ “Чиний уншаагүй, уншиж чадаагүй ном бүхэн ирээдүйд амжилтанд хүрэхэд чинь саад тотгор болно.” гэж хэлсэн нь хамгийн оновчтой хэлсэн гэж би боддог. Унших номоо зөв оновчтой сонгоод, хичээнгүйлэн уншиж дотор нь байгаа мэдлэг мэдээллийг өөртөө уусган шингээж чадах юм бол тэр мэдлэгийг тань таниас хэн ч булааж авч чадахгүй. Тэгвэл ном уншиснаар таньд яг ямар ач холбогдолтой юм

Хэн нэгний 10, 20 бүр 30 жил судалж байж туурвисан асар их мэдээлэл, мэдлэг агуулсан бүтээлийг та 10 хоногийн дотор өөрийн болгож танилцах боломжийг НОМ танд ойлгодог. Тийм болохоороо л ном үнэхээр агуу. Уншсан ном болгон чинь тухайн салбар сэдэв, ухагдахууны талаар тань асар их мэдээлэл их өгдөг ба эхэндээ уншсан ном бүхэндээ бичигдсэн зүйлсийг цорын ганц үнэн гэж итгэх нь бий. Гэвч уншсан, сонссон, үзсэн мэдсэн бүхэндээ сохроор нь итгэх нь их харалган зүйл гэж бодож байна. Жинхэнэ ид шид нь харин нэг биш нилээд хэдэн ном уншаад ирэх тэр үед нь гарч ирдэг учир нь унших тусам таны тархин дахь мэдлэг бага багаар тэлж, аливааг эргэцүүлж бодох чадвар тань маш сайн хөгждөг. Харин энэ үед л таньд аливааг үзэх өөрийн гэсэн амьдралын ухаан буюу философи хэмээх зүйл бага багаар бий болж эхлэдэг. Хэдий та өөрөө л сонирхож байвал ямар ч ном унших сайхан байдаг ч миний бодлоор эдгээр хэдэн төрлийн сэдвийн номнуудыг голчлон уншиж байх нь таны амьдралд илүү хэрэгтэй байх болов уу гэж бодлоо. Хүн төрөлхтний түүх соёл, алдартай хүмүүсийн амьдралын түүх намтар, эртний филисофичдын бичсэн бүтээлүүд, амжилтанд хүрэх арга замууд болон хувь хүний өөрийгөө хөгжүүлэх арга замууд дээр бичигдсэн номнуудыг голчлон уншвал сурсан мэдлэг нь таны амьдралд илүү тус дөхөмтөй байна байх гэж би бодож байна. Үүнд би сурах бичиг болон мэргэжлийн хичээлийн номыг дурдаагүй учир нь бид энэхүү номнуудыг сургуульд хүссэн хүсээгүй уншдаг болохоор оруулсангүй ба дээр дурьдсан номнууд бол ажил хичээлээс гадуур цаг гарган унших төрлүүд гэж би бодож байна.

Ингээд эцэст нь хэлэхэд унших уу, эс унших уу гэдэг бол таны сонголт. Харин энд нэг бяцхан харьцуулалтыг хийе гэж бодлоо. Ном унших гэхээр өдөр шөнөгүй суугаад л уншина гэсэн үг биш гэхдээ заримдаа их сонирхолтой номыг нэг эхлэчихвэл ч буцааж тавих хэцүү. Та өдөрт нэг номны 10 хуудас л уншлаа гэж бодъё. Энэ нь хамгийн ихдээ ердөө л 30 минут орчим болох байх. Тэр чинь нэг жилд 3650 хуудас болно гэсэн үг ба хэрвээ дундаж номны хуудсаар тооцоод үзвэл та нэг жилийн дотор бараг 18 бүтэн ном уншина гээд бод доо. Мэдээж та ном уншихгүй хэвээрээ ч үлдэж болно. Ном уншсангүй гээд та тэнэг мунхуу болчихгүй, амьдрал чинь сөнөчихгүй ГЭВЧ та юу алдаж байгаагаа ухаарч байна уу. Таны найз нэг жилийн дотор 18н өөрийгөө хөгжүүлэх арга зам болон амжилтанд хүрэх арга замын талаар ном уншиж өөрийнхөө мэдлэгээ тэлсэн бол та жилийн эцэст юу сурсан бэ? Таны найзын энэ жил сурч мэдсэн мэдлэг ирэх жилийн амьдралд нь, хийх сонголтонд нь, үзэл бодолд нь, урам зоригт нь ямар нөлөө үзүүлэх бол? Таны уншилгүй өнгөрсөн тэр 18н номонд байсан мэдээлэл мэдлэг таньд ямар бэрхшээл авчрах бол? Хариултыг нь эрхэм уншигч таньд үлдээе.

Таны оюун ухааны мэдлэгийн сан олон, олон сайхан номоор дүүрэн байх болтугай.

 

About Sukhee

Өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг, илүү дээр амьдралыг бүтээн бий болгохыг хүсдэг, үргэлж өчигдрөөс илүү өнөөдрийн төлөө тэмүүлдэг хүсэл мөрөөдөл, гэрэл гэгээ дүүрэн тэр л амьдралыг ганцхан танд ч болов өгөх гэсэн асар том зорилгын төлөө энэхүү сайтаа 5 жилийн турш ажиллуулж байна.

Таны сэтгэгдлийг сонсъё.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.