ЭЕРЭГ ЗУРШЛЫГ БИЙ БОЛГОХОД АНХААРАХ 10 ЗҮЙЛ

Заримдаа амьдрал зүгээр л яг зогсчихсон мэт санагддаг. Нэг мэдэхэд өглөө сэрж, нэг мэдэхэд үдэш орондоо орж байх боловч яг энэ хооронд болдог бүх зүйлс нэг л хэвийн. Яг дэжа-вү (deja-vu) гэмээр. Эндээс хэрхэн яаж, гарах вэ? Өөрчлөлт. Том биш маш жижигхэн. Хэцүү биш амархан. Бүр тодруулаад хэлвэл нэг шинэ эерэг зуршил. Чамаас их зүйл шаардахгүй. Ердөө л 30 өдөр. Амжилтыг Өнөөдөр Өөрөөсөө ТББ-ын залуусын #Зуршил30 хөтөлбөр эхний 7 хоногоо амжилттай давж энэ 7 хоногийг ажигласны үндсэнд зуршлыг бодитоор бий болгон хэвшүүлэхэд анхаарах 10 зүйлийг энд товчоор сийрүүллээ.

  1. Өдөр бүр хий. – 100% амжилттай биш байж ч болно гэхдээ өдөр бүр хичнээн хэцүү байсан ч заавал хий. Тууштай байх нь зуршлыг бэхжүүлэхэд хамгийн чухал яагаад гэвэл өдөр бүр хийдэггүй зүйлс зуршил болж хэвшихэд хэцүү.
  2. Энгийнээр эхлэ. – Амьдралаа нэг өдрийн дотор бүтэн өөрчлөнө гэж байхгүй. Гэнэт их урам зориг аваад баахан олон зүйлс хийхээр гэнэт төлөвлөөд 1-2 хоногийн дотор бууж өгөх  нь бий. Маш олон зуршил байж болох ч нэгээс нь л эхэл. Далай хүртэл дуслаас бүтдэг гэдгийг сана. Бага багаар, аажим аажмаар, нэг нэгээр чи амьдралаа өөрчлөөд л байвал нэг л мэдэхэд амьдралаа 100 хувь өөрчилж чадсан байх болно
  3. Үргэлж өөртөө сануул. – Бид мартамхай. Амьдралд маш олон үйл явдал үргэлж өрнөж байдаг учраас санаатай биш ч магадгүй 7 хоногийн дараа л яагаад эхлэх болсноо, юу хийх болсноо мартсан байх боломжтой. Тиймээс яагаад анх эхэлснээ, юуны төлөө хийж байгаагаа үргэлж өөртөө сануул. Гэрийн хана, утас комьпютерийн дэлгэц, толь гэх мэтчилэн өдөр бүхэн чиний харж, хэрэглэдэг тэр зүйлс дээр бичээд наа, байрлуул тэгж байж л чиний зуршил чиний санах ойнд баттай хоногшиж чадна.
  4. Хамтрагчтай бол. – Хүн бусдын өмнө хариуцлага хүлээх үедээ илүү хичээдэг. Урам зориг, эрч хүч чинь дундрах үед чамтай хамт байж бие биесээ дэмжих, зоригжуулах, чамайг хүчирхэгжүүлэх хамтрагчтай бол. Дээрээс нь чиний яагаад, юуны төлөө хийж байгаа гэдгийг чинь чамд сануулах хамгийн сайн сануулга бол чиний хамтрагч байх болно.
  5. Орлуулах зүйлтэй бол. – Хэрвээ чи зуршлаа хэвшүүлэхийн тулд ямар нэг тогтсон буруу зуршлыг бууж өгөх хэрэг гарч байгаа бол түүнийгээ орлуулах зүйлтэй бол. Хэрэв телевиз үзсэнээрээ чи амарч чаддаг байсан бол үүнийхээ оронд унших эсвэл бясалгах хийж амрах хэрэгцээгээ ханга.
  6. Бүтэлгүйтэхэд бэлэн бай. – Чи замдаа хэд хэд бүдэрнэ. Яагаад гэвэл чи хүн. Хүмүүс бид бүдэрдэг. Гэхдээ оролдож буй хүмүүс л бүдэрдэг гэдгийг сана. Шууд бүх зүйл амжилттай болж зуршил чинь дардан замаар бүтнэ гэж өөртөө битгий хүлээлт үүсгэ. Гол нь өнөөдөр бүдэрсэн ч маргааш дахиад илүү хүчтэйгээр эхлүүлэх нь л чухал шүү.
  7. Өөрийн үлгэр жишээ хүнээ ол. – Чиний бий болгохыг хүсч байгаа зуршил бүхий тэр хүмүүстэй илүү цагийг өнгөрөө. Хэрхэн, яаж гэдгийг нь судал бас суралц. Судалгаагаар чи амьдралынхаа хамгийн их цагаа хамт өнгөрөөдөг 5 хүнийхээ дундаж нь байдаг ба чи тэр л хүмүүсийнхээ зуршлыг дуурайх магадлал бас хамгийн өндөр байдаг. Мөн сөрөг бодолтой, энергитэй үргэлж чамайг унтраадаг тэр хүмүүстэй аль болох бага цаг хугацааг хамт өнгөрөө.
  8. Бич, тэмдэглэ.Зуршлаа бичсэн цаас чинь биш зуршлаа бичих чинь чухал. Бичсэнээр чиний бодол санаа, зорилго илүү тодорхой, зохион байгуулалттай, илүү жинтэй болж өгдөг.
  9. Үр дүн, шагналаа сана. – Энэ зүйлийг зуршил болгож чадвал чиний амьдрал хэр их өөрчлөгдөх, чиний өөрийгөө үнэлэх үнэлэмж хэрхэн дээшлэх тэр тусмаа чи үүнийг өөрийнхөө сайжруулахын төлөө хийж байгаа гэдгээ үргэлж сана.
  10. 30 өдөр биш зөвхөн ӨНӨӨДӨР. – Зуршлыг хэвшүүлэхэд тулгардаг хамгийн том бэрхшээл бол өөрийн оюун ухаанаа удирдаж чадахгүй байх. Арайхийж өнөөдрийг давлаа ёоо дахиад 29 өдөр гэх бодол, нөгөө талаас би 7 хоног сайн хийж чадсан юм чинь өнөөдөр ганц завсарлаад амарчихад яавал гэждээ гэх бодол нь чиний төсөөлж ч чадахгүй олон хүнийг зуршлаа хэвшүүлж чадалгүй бүтэлгүйтэхэд хүргэсэн байгаа. Тиймээс энэ аюултай занганд автахгүй байх цорын ганц арга бол зөвхөн ӨНӨӨДӨР, ЯГ ОДОО л чи зуршлаа хийх хэвшүүлэх үйлдлээ хийх хэрэгтэй гэдэг бодол, хандлага. Өчигдөр ямар байсан, маргааш ямар байх бол биш зүгээр л өнөөдөр л би хийчих хэрэгтэй гэж бод. Нэг л мэдэхэд 30 өдөр өнгөрөн одож одоо чи яг л өглөө бүхэн шүдээ угаадаг шиг чиний шинэ зуршил чинийх болсон байх болно.

Амжилт хүсье!

About Sukhee

Өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг, илүү дээр амьдралыг бүтээн бий болгохыг хүсдэг, үргэлж өчигдрөөс илүү өнөөдрийн төлөө тэмүүлдэг хүсэл мөрөөдөл, гэрэл гэгээ дүүрэн тэр л амьдралыг ганцхан танд ч болов өгөх гэсэн асар том зорилгын төлөө энэхүү сайтаа 5 жилийн турш ажиллуулж байна.

Таны сэтгэгдлийг сонсъё.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.