АМЬДРАЛАА ГАРТАА АВАХ СОНГОЛТ

Амьдрал нэг л биш. Сэтгэл нэг л дундуур. Яаж яавж байгаад ийм болчихов оо? Би хаана алдчихав аа? Би үүнээс хамаагүй өөрөөр, илүүгээр амьдарч чадна шүү дээ гэдэг нэг бодол яг л сүүдэр мэт дагаж яагаад хэмээх асуулт сэрүүлэгтэй цаг мэт зогсоо зайгүй дотор чинь тачигнах тийм нэгэн өдрүүд яагаад амьдралд тохиолддог юм бол оо?

Хүн амьдралын алхам бүрдээ сонголт хийж, шийдвэр гаргаж амьдардаг. Эхлээд шүдээ угаах уу эсвэл шүршүүрт орох уу гэх энгийн сонголтоос эхлээд ажлаасаа гараад бизнесээ эхлүүлэх үү яах уу гэх асар том хариуцлага дагуулсан сонголтуудыг хүртэл хийх болдог. Аа харин ямар сонголтыг яаж хийхээсээ шалтгаалан хүн амьдралаа бүтээдэг. Хэрэв чи өнөөдөр хаана байгаадаа, ямар амьдралаар амьдарч байгаадаа сэтгэл хангалуун биш байгаа бол өнөөдрийг хүртэл хийсэн сонголт, гаргасан шийдвэрүүдээ эргэн харах цаг нь болсон гэсэн үг.

“Чиний амьдрал бол чиний хийсэн сонголтуудын л нийлбэр дүн.”- Алберт Камус

Чиний амьдрал бол чиний сонголт. Нэг биш нийт сонголтуудын чинь нийлбэр өнөөдөр чамайг байгаа газар чинь авчирсан. Амжилт, бүтэлгүйтэл гэдэг зүйлүүд ямар нэг том алдаа эсвэл золиос хийснээр бий болдог зүйл биш. Харин өдөр бүр хийгддэг үл ялиг, тэр жижигхэн сонголтуудын үр дүнд удаан хугацааны дараа бий болдог тэр зүйлс. Амьдрал хэвэндээ… Байж л байна…гэж хүмүүс их ярьдаг. Гэтэл амьдрал хэзээ ч хэвэндээ байдаггүй. Амьдралын шугам дээр хүн нэг бол өөдөө өгсөж байдаг, үгүй бол доошоо уруудаж байдаг. (график 1) Магадгүй өнөөдөр чамд харагдахгүй байж болох чиний өдөр тутам, алхам тутамдаа хийж буй сонголтууд чинь чамайг хаана нь орох вэ гэдгийг тодорхойлж байгаа.

Зөв ба буруу сонголтууд амьдралын график дээр- Slight Edge by Jeff Olson
Зөв ба буруу сонголтууд амьдралын график дээр- Slight Edge by Jeff Olson

Бүх зүйл хуримтлагддаг. Сайн ч, муу ч тэд цаг хугацаа, тодорхой давтамжийн тусламжтайгаар хуримтлагддаг. Харин юуг, хэр ихээр, хэрхэн яаж хуримтлуулах уу гэдэг бол сонголт. Өнөөдөр арван хуудас ном унших уу эсвэл 30 минут унтах уу гэдэг тийм ч үхэл амьдрал дагуулсан том сонголт бас шийдвэр биш. Гэхдээ энэ 2 сонголтын аль нэгийг нь бүтэн жилийн турш хийвэл үр дүн нь ямар гарах бол?

Тэгэхээр залуусаа өнөөдөр, яг одоо гаргаж байгаа шийдвэр, сонголтуудаа нэг дүгнээд үз. Амьдралд хийж болох ч бас хийхгүй ч байж болох асар олон чухал сонголтууд бий. Яагаад гэхээр өнөөдөр тэр сонголт чиний амьдралд бараг нөлөөлөхгүй, маргааш ч нөлөөлөхгүй магадгүй энэ сардаа ч нөлөөлөхгүй гэвч хэрэв чи энэ л шалтгаанаар тэр сонголтыг үл ойшоогоод байвал жилийн дараа, 5 жилийн дараа чиний амьдрал чиний хамгийн хүсээгүй тэр газар очсон байх магадлалтай.

Хэрэв чи өнөөдөр хэн болсондоо, хаана байгаадаа, ямар амьдралаар амьдарч байгаадаа сэтгэл хангалуун биш байгаа бол чи яг одоо амьдралаа өөрчлөх сонголтыг хий. Ихээр биш өдөрт зөвхөн 1 градус өөрчлөлтийг амьдралдаа хий. Хэрэв чи тууштай байж чадвал 360 өдрийн дараа чи амьдралдаа ХУВЬСГАЛ хийж чадах болно.

Амжилт хүсье!

 

About Sukhee

Өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг, илүү дээр амьдралыг бүтээн бий болгохыг хүсдэг, үргэлж өчигдрөөс илүү өнөөдрийн төлөө тэмүүлдэг хүсэл мөрөөдөл, гэрэл гэгээ дүүрэн тэр л амьдралыг ганцхан танд ч болов өгөх гэсэн асар том зорилгын төлөө энэхүү сайтаа 5 жилийн турш ажиллуулж байна.

One thought on “АМЬДРАЛАА ГАРТАА АВАХ СОНГОЛТ

Таны сэтгэгдлийг сонсъё.