АЙДСАА ДАВАН ТУУЛ!

“Эрт дээр үед нэгэн хулгайч хааны сангаас хулгай хийж байгаад баригджээ. Харин хаан түүний шийтгэлд 2 сонголт өгчээ. Нэг нь олсоор дүүжлүүлэх, нөгөө нь учир битүүлэг нэгэн хаалгыг онгойлгоод орох сонголтуудыг өгсөн ба тэр хаалганы цаана юу байгааг ч хэн мэдэхгүй, хэн ч тааварлашгүй гэжээ” Хувь заяатайгаа эвлэрсэн гэмт хэрэгтэн олсыг сонгон цаазлуулсан гэдэг. Хааны туслах дараа нь хаанаас тэр хаалганы цаана юу байгааг асуухад хаан ЭРХ ЧӨЛӨӨ гэсэн гэдэг.”

Энэ бол айдас. Айдас хүнийг яадаг вэ? Айдас эхлээд таны бодлыг гинжилж аваад дараа нь таны бодлоор дамжуулан биеийг тань гинжилж авдаг.  Болохгүй байх, бүтэхгүй байх, боломжгүй байх, чадахгүй байх, хэцүү байх.  Энэ бол айдсын илрэлүүд. Айдас бол нэгэн төрлийн шорон. Энэ бол таны өөрийнхөө бодол, оюун санаандаа хийсвэрээр бий болгодог шорон. Энэ хорвоо ертөнц дээр таныг яаж ч тарчлаасан, яаж ч тамласан, яаж ч гинжилсэн, ямар ч газар хорьсон бай хэн ч, хэзээ ч таны бодох эрх чөлөөг гинжилж чадахгүй гэдгийг аугаа М.Ганди нэгэнтээ хэлсэн байдаг.  Таны бодлыг таниас өөр  хэн ч захирч чадахгүй гагцхүү та өөрөө л айдастайгаа нүүр тулах тэр агшин өөрийгөө хүлж орхидог ба ёстой л “айсан хүнд аргал хүртэл хөдөлнө” болдог.

Миний хүндэлж явдаг илтгэгч Лэс Браун “Энэ хорвоо дэлхий дээрх хамгийн баян газар бол оршуулгын газар байдаг юм яагаад гэвэл чи тэндээс хэн ч сонсож чадаагүй гайхалтай санаанууд, хэн ч харж чадаагүй гайхамшигт нээлтүүд ийг олох болно. Яагаад гэвэл тэд хэзээ ч санаагаа хэрэгжүүлэх зориг зүрхтэй байсангүй” гэсэн байдаг. Айдсаасаа болж олон хүн хүсээгүй амьдралаараа, хүсээгүй газраа, хүсээгүй ажлаа хийн сэтгэл дундуур амьдарч байгаа. Энэ бол нууц биш магадгүй та ч тэдний нэг байж магадгүй. Гэвч хэн ч энэ ганцхан олдох амьдралаа сэтгэл дундуур явсаар дуусгахыг хүсэхгүй. Тиймээс л айдсаа даван туулах ёстой.

Айдсаа хэрхэн даван туулах талаар маш олон зөвлөгөө бий гэхдээ би нэг л зүйл дээр төвлөрөхийг хүсч байна. Энэ бол таны бодол.  Айдас ихэнх тохиолдолд зөвхөн таны бодолд  бий болдог.

Хүн аюултай нөхцөл байдалд байгаа гэж бодох тэр мөчдөө өөртөө итгэх бүх итгэлээ алддаг.  Жишээ нь анх сэлж сурч байгаа хүмүүс хийлдэг дугуйтай байхдаа маш сайн сэлдэг боловч дугуйгүй бол шууд л живж эхэлдэг. Энэ нь тэд үнэхээр дугуйгүйгээр сэлж чадахгүй дээ биш дугуйгүй бол аюултай, живэх боломжтой, хэцүү гэдэг тэр бодол тухайн хүнийг эзэмдсэн учраас тэр хүн шууд живж байгаа юм.

Аливаа үйлдэл эхлээгүй байхад төгсгөлийг нь хүртэл төсөөлж чаддаг бидний бодлын ертөнц үнэхээр гайхалтай.  Хүн хүсэж мөрөөдөх зэрэг гэгээлэг зүйлийг ч, үхэж үрэгдэх, гэмтэж бэртэх зэрэг сөрөг зүйлийг ч гэсэн алийг нь ч төгсгөл хүртэл нь урьдчилан төсөөлж чаддаг. Гэвч гол асуулт нь төсөөлж харж  чадах эсэхдээ биш аль өнцөг дээр нь төвлөрч байна алинд нь итгэж байна гэдэг нь юм. Эндээс л айдсын шоронд орох уу эсвэл айдсаа даван туулах уу гэдэг хамаарна.

Дараагийн удаа айдастайгаа нүүр тулахдаа та өөрийн  бодлоо хянаарай. Сөрөг бодлууд уу эерэг бодлууд уу? Танд аль нь хэрэгтэй байгааг мөн өөрөөсөө асуу. Тэгээд хэрэгтэй бодолдоо төвлөр. Та айдсаа даван туулж чадна. Танд амжилт хүсье.

“Үйлдэл хийхгүй байх нь айдас, эргэлзээг төрүүлдэг. Үйлдэл хийх нь итгэл, зоригийг төрүүлдэг. Хэрэв чи айдсаа даван туулахыг хүсвэл, битгий гэртээ суугаад яаж гэж бод. Зүгээр л гараад нүүр тул.” – Дэйл Карнеги

About Sukhee

Өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг, илүү дээр амьдралыг бүтээн бий болгохыг хүсдэг, үргэлж өчигдрөөс илүү өнөөдрийн төлөө тэмүүлдэг хүсэл мөрөөдөл, гэрэл гэгээ дүүрэн тэр л амьдралыг ганцхан танд ч болов өгөх гэсэн асар том зорилгын төлөө энэхүү сайтаа 5 жилийн турш ажиллуулж байна.

2 thoughts on “АЙДСАА ДАВАН ТУУЛ!

  1. Үнэхээр гоё нийтлэлүүд хийх юмаа таныг үргэлж дэмжих болноо 🙂

Таны сэтгэгдлийг сонсъё.