ЗОРИЛГО БА ТҮҮНИЙГ ХЭРХЭН ГАРГАХ ВЭ?

За байз зорилго, зорилго, зорилго яаж гаргах вэ? Яаж гаргадаг юм бол? Ер нь ингэхэд заавал ингэж толгойгоо өвтгөн байж суух хэрэг байгаа ч үгүй ч үү. Сайн хичээгээд л амьдрахад болоо юм биш үү. Зорилго нтр гэж заавал гаргахгүй байхад ер нь яадаг юм. Муудах юм байхгүй биз…гэх мэтчилэн хэдэн арван бодол таны толгойд эргэлдэх тэр мөч танд танил санагдаж байна уу.

Тэгэхээр зорилго гэж яг юу юм бэ? гэдгээс энэ удаа эхлэе.

Хамгийн энгийнээр хэлэхэд энэ бол УТГА УЧИР. Энэ бол таны амьдралын АЛТАН ГАДАС ОД.  Энэ бол та хичнээн залхуу чинь хүрч, хичнээн их ядарч байсан ч өглөө эртлэн босох ШАЛТГААН. Хүн утга учиртай, урдаа тавьсан зорилготой, түүндээ хүрэх хүсэл тэмүүлэлтэй амьдарч байхдаа хамгийн “амьд” байдаг. Харин энэ бүхний гол зангилаа ЗОРИЛГО хэмээх энэ зүйлд орших аж.

Амьдралд юм бүхэн үргэлж санаснаар болдоггүй, бүр санаатай болоод байна уу даа гэмээр бүр илүү их буруу замруу орох нь их байдаг. Энэ л үеүдэд бидний итгэл найдвар, зориг тэвчээр, тууштай байдал гээд бүх л зүйл шалгуурт ордог. Яг л өтгөн шигүү ой таныг гэнэт бүрхэн ирж та хаачихаа үл мэдэн төөрөх мэт тэр мэдрэмж. Эдний эсрэг бат зогсож алтан гадас од мэт таны зүг чигийг сануулах, хичнээн хэцүү утгагүй байсан ч маргааш үүнээс илүү байна, би чадах ёстой хэмээн шивнэх тэр үгс бол таны ЗОРИЛГО. Та зүгээр л салхинд хийссэн хамхуул биш та бол салхины урсгал сөрөн урагшилж байгаа ЗОРИЛГОТОЙ хүн. Домогт яруу найрагч Уиляъм Эрнист Хэнли “Би хувь тавилангийнхаа чиглүүлэгч, энэ биеийнхээ эзэн” хэмээн шүлэглэж байжээ.

Зорилготой хүн, зорилгогүй хүн хоёрын ялгаа их илт мэдрэгдэнэ л дээ. Бусдад уруу татагдах, бусдын ятгалганд амархан автах, хурдан шантрах, богино хугацаанд хэтэрхий олон зүйлийг оролдож үзээд хаях, бусдаас бүрэн хамааралтай байх гэх мэтчилэн зорилгогүй нэгний сул талууд олон. Тийм болохоор л ЗОРИЛГО таны амьдралд асар том үүрэгтэй. Тиймээс л та түүнийгээ олж мэдээд гаргах ёстой.

Зорилгоо тодорхойлох:

  • Цаг гарга. Ойлгомжтой байх гэж бодож байна. Та бүхэл бүтэн амьдралынхаа бүх зорилгыг ганцхан өдрийн дотор магадгүй ганцхан 7 хоногийн дотор гаргачихгүй. Зорилгоо тодорхойлох сарын, хагас жилийн аянг өөртөө зарла. Өдөрт дор хаяж 3-с доошгүй цагийг заавал зарцуул. Та зорилгоо тодорхойлж амжилгүй өнгөрөөж буй хором мөч бүхэн таны зорилгоо биелүүлэх цаг хугацаанаас хасагдаж байгаа. Тиймээс танд хойшлуулах эрх байхгүй та яг одоо цаг гарга.
  • Үзэг, цаасаа бэлд. Дараагийн алхам бол бүгдийг жагсааж бичих. Таны дотор байгаа сурмаар, мэдмээр, авмаар, хүрмээр байгаа бүх зүйлсээ том жижиг гэлтгүй бүгдийг бич. За энэ ч яахав энэ нэг их чухал биш юуг ч битгий үлдээ. Таны бодлын ертөнцөд эзэнгүй мэт хөвж яваа бүх л сул зорилгоо бүгдийг нь онгичоод гаргаад ир. Нэг зүйлийг сайн санах хэрэгтэй. Энэ жагсаалт бол зөвхөн таны жагсаалт та энэ жагсаалтаа индэр дээрээс бусдад уншиж өгөхгүй тиймээс буруу зөв, утгатай утгагүй гэж байхгүй.
  • Ангилал. Зорилго өөрөө дотроо маш олон төрлөөр ангилагдаж болох боловч үндсэн ангилал нь ердөө 5. Гэр бүл, эрүүл мэнд, боловсрол, санхүү, ажил мэргэжил. Магадгүй та хүсвэл энд өөрийн хүссэн бусад ангилалуудаа мэдээж нэмж болно. Харин одоо танд байгаа хэдэн арван хуудас дүүрэн зорилгуудаа энэ 5 ангилалдаа хуваагаад ангилчих. Арай л цэгцтэй харагдаж эхлэж байна уу.
  • Ангилал 2. Одоо харин үндсэн 5 ангилалд орсон зорилгуудаа ангилал тус бүрд нь хамгийн чухлаас, чухал бусруу нь ангил. Ингэж ангилахдаа ойрын холын гэдгээр нь бус ер нь л хамгийн эцсийн хүрэх ёстой хамгийн чухал зорилгоосоо доош нь ангилах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл А-д хүрэхийн тулд эхлээд Б-д хүрэх гэдэг зарчмаар. За одоо харахаар бүр илүү ойлгомжтой болж байгаа биз.
  • Задлан шинжилгээ. За энэ магадгүй хамгийн их цаг, анхаарал шаардах хэсэг. Яагаад гэвэл та одоо зорилго бүрээ нягталж үзэх ёстой. Хэр бодит байна? Хоорондоо давхцаж байна уу? Урт, дунд, богино хугацааных байна уу? Энэ зорилго танд үнэхээр хэрэгтэй байна уу? Энэ зорилгыг биелүүлэхийн тулд таниас юу юу шаардахаар байна? гэх мэтчилэн нарийвчилж задлаж болох бүх л шалгууруудаар шалга. Яагаад гэж үү? Ингэж байж таны зорилго хэмээн бичсэн тэр зүйл чинь амь орж, үнэ цэнэ орж, та түүндээ итгэж чаддаг болох ёстой.
  • Үйлдлээ төлөвлө. Магадгүй та эцсийн зорилгоо хараад өнөөдөр хаана байгаагаа харах тэр мөчид өө ёстой өдий байна даа, сайхан л мөрөөдөл юм даа гэх тэр урам хугарсан, шантарсан мэдрэмж төрж магадгүй. Зүгээрээ угаасаа л тэгдэг юм. Яагаад гэвэл та “дэлхийн хамгийн том талхыг ч гэсэн нэг нэг хазаж иддэг” гэдгийг сонсоогүй байгаа болохоороо л тэр. Өөрөөр хэлбэл таны холын зорилго хичнээн алс, хичнээн том, хичнээн бодит биш юм шиг санагдаж байсан ч та түүндээ хүрэх бүх алхам, бүх үйлдлээ төлөвлөөд, түүндээ хүрэхийн тулд өнөөдөр юу хийж байх ёстойгоо тодорхой болгоод ирэхээр таны зорилго яг л бодит мэт, яг л хажууд тань байгаа мэт, та удахгүй хүрч чадах мэт санагдах болно. Ямар хэмжээний цаг хугацаа орж болох, ямар хэмжээний нөөц хүчийг таниас шаардах, ямар ямар бусад зорилгуудад эхлээд хүрэх хэрэгтэй байх, нэг жил, сар, өдөрт юу юу юу хийх хэрэгтэй болох зэргээр задал. За ингээд бодохоор аймаар их санагдаад, залхуу хүрч эхлэж байна уу? Тэгвэл ингэж төлөвлөлгүй, зорилгоо гаргалгүй амьдарвал таны амьдрал ямар байх талаар нэг бодоод үзээрэй. Үнэгүй зүйл гэж үгүй тэр тусмаа зорилгогүй явсаар амжилтанд хүрсэн амьдрал гэж үгүй.
  • Боловсруулалт. Хэрвээ та энэ алхмуудыг хийгээд зорилгоо гаргаад энэ хүртэл явсан бол танд бараг бүтэн хавтас дүүрэн материал байх учиртай. Та түүнийгээ юу ч нэрлэж болно. Миний хувьд миний хавтас бол миний амьдралын УТГА УЧИР. За тэгээд нэг зүйлийг сайн сануулъя. Чухам хүндтэй чухал эд зүйлээ бид нандигнах их дуртай. Хамгийн гоё хавтсандаа хийгээд хамгийн эрхэм цоожтой шургуулгандаа хийгээд МАРТАЖ орхив оо!!! Нандигнах нь зөв ч наад хавтас чинь та орой унтахдаа дэрлэж унтдаг, өглөө сэрэхдээ эргүүлж хардаг таныг СҮҮДЭР мэт дагаж явах ёстой зүйл болохоос хадгалах зориулалттай зүйл биш шүү.

За ингээд зорилгоо гаргачихлаа. 1 сар? 2 сар? 3 сар? Хэр их хугацаа орсон ч бай ямартай ч зорилгоо гаргачихлаа. Одоо дараагийн алхам бол анд яваа анчин адил зорилгуудаа жижиг, ойрын хугацааныхаас нь эхлээд л нэг нэгээр намнаж эхлэх хэрэгтэй. Зүгээр нэг намнах биш бүр нэхэл хатуутайгаар дайрах хэрэгтэй. Харин хэрхэн яаж гэдгийг дараагийн нийтлэлдээ оруулах болно

About Sukhee

Өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг, илүү дээр амьдралыг бүтээн бий болгохыг хүсдэг, үргэлж өчигдрөөс илүү өнөөдрийн төлөө тэмүүлдэг хүсэл мөрөөдөл, гэрэл гэгээ дүүрэн тэр л амьдралыг ганцхан танд ч болов өгөх гэсэн асар том зорилгын төлөө энэхүү сайтаа 5 жилийн турш ажиллуулж байна.

One thought on “ЗОРИЛГО БА ТҮҮНИЙГ ХЭРХЭН ГАРГАХ ВЭ?

  1. тиймээ бичих хэрэгтэй Амьдралынхаа утга учрыг олох хэрэгтэй баярлалаа

Таны сэтгэгдлийг сонсъё.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.