ЗОРИЛГОТОЙ АМЬДАР!

АГУУЛГА:

Зорилго гэж юу вэ? 

Анхдагч зорилго ба түүнийг хэрхэн биелүүлэх вэ?

Та анзаардаггүй ч байж болно, та утгыг нь нэг их гүн боддоггүй ч байж болно. Гэвч таны амьдрал, таны ажил гээд таны бараг эргэн тойрны бүх л зүйлсэд энэ ҮГ хэрэглэгдэж яваа. Амьдралын зорилго гэж нэг хэсэг нь ярих бол бизнесийн зорилго хэмээн нөгөө хэсэг нь ярьна. За тэгэхээр та хүссэн хүсээгүй энэ ҮГийг хангалттай олон удаа, харж сонссон болохоор одоо бүр дөжрөөд за юу ч гэж байгаа юм, хэнд ч хамаатай юм хэмээн бодож эхлэсэн байхыг ч үгүйсгэхгүй.

ГЭВЧ энэ бол үгүйсгээд алга болох, үгүйсгээд танд хамаагүй болох зүйл биш юм аа. Энэ ҮГ таны хийж буй бүх л зүйлд яг л өөрийн тань сүүдэр мэт даган явах учиртай. Яагаад гэвэл энэ бол хамгийн энгийнээр хэлэхэд таны амьдралы ЛУУЖИН. Аялагч хүн аль чиглэлд аялахаа, хаана хүрэхээ мэдэж байж аялалд гардгийн адил амьдралд хүн хаана хүрэхээ, хэн болохоо, юуг бий болгохоо эрт залуугаасаа мэддэг байх нь хамгаас чухал. Түүний тулд л хүн хамгийн түрүүнд зорилгоо олж тодорхойлох хэрэгтэй

Зорилго том, жижиг, чухал, чухал биш, урт хугацааны, дунд хугацааны, ажлын, амьдралын, хувийн гэх мэтчилэн маш олон төрөлд хуваагдана. Сурагчид сургуулиа төгсөөд хүссэн мэргэжлээрээ хүссэн сургуульдаа орох гэдэг бол ойрын том зорилго, оюутан хүүхдүүд төгсөөд дуртай ажилдаа, сонирхсон компанидаа орох гэдэг бол бас ойрын том зорилго харин ажилтан хүн албан тушаал дэвших, салбартаа амжилт гаргах гэдэг магадгүй дунд хугацааны том зорилго гэх мэтчилэн ангилагдах аж.

Харин би бүх хүмүүст энэ бүх зорилгуудын өмнөх АНХДАГЧ зорилго байх ёстой гэж боддог. Энэ бол миний ХӨГЖЛИЙН зорилго. Миний бусад зорилго ямар ч агуу, ямар ч том зүйлийн араас явж байж болно харин би анхдагч зорилгодоо хүрч чадахгүй эсвэл анхдагч зорилгодоо хүрэхийн төлөө явахгүй бол бусад зорилго маань бүтэх магадлал маш бага. Ялангуяа залуучууд бид.

Та ХӨГЖИХ ЁСТОЙ. Энэ бол амьдралын нэг бичигдээгүй хууль. Шаардлага. Таны амьдралын АНХДАГЧ зорилго. Та өөрийгөө эхлээд хөгжүүлэхгүйгээр нийгэмдээ, цаашлаад амьдралдаа амжилт гаргана гэдэг хэцүү зүйл. Тиймээс хувь хүнийхээ хувьд та өөрийгөө хөгжүүлэхийн тулд бүр тусад нь төлөвлөгөө гарга, ЦАГ гарга, тууштай зүтгэ. Тэгвэл та өөрийгөө хэрхэн хөгжүүлж болох вэ?

  • Ном уншиж мэдлэгээ тэл, оюуны цар хүрээг нэмэгдүүл, таниас өөр бодолтой, өөр ухамсартай хүмүүс байдаг юм байна гэдгийг ойлгож хүндэлж сур, өнгөрсөн үеийн түүхээ мэддэг бол, алдартай мундаг хүмүүс амжилтанд ганцхан өдрийн дотор хүрээгүй гэдгийг ойлго, мэргэжлийн мэдлэг чадварын сангаа нэмэгдүүл, өөрийн гэсэн ҮНДСЭН бодолтой, аливааг дүгнэж анализ хийж чаддаг бол.
  • Бусдыг сонс, таниас илүү яваа, танд урам өгдөг тэр хүмүүсээ хайж олоод уулз, тэднийг сонс. Хэрхэн урагшилж өөдөлж болох талаар, хэрхэн өөрийгөө ялан дийлэх талаар, хэрхэн бусадтай өөрийгөө харьцуулах нь тийм ч сайхан санаа биш гэдэг талаар олж мэд.
  • Сургалт, семинарт суу. Гэхдээ зөвүүдэд нь. Эргээд олдохгүй үнэт цаг, хөлсөө гаргаж байж олсон хэдэн цаасаа зарцуулж байж олж авахаар шийдсэн тэр сургалт танд үнэ цэнээ өгч чадахгүй бол даанч хайран… Мэргэжлийнхээ чиглэлд эсвэл таны амьдралд заавал байх шаардлагатай чадварынхаа тухай сургалтуудыг олж мэдээд заавал хамрагд.
  • Эрүүл чийрэг амьдрахад цаг, хөлс бас мөнгө зарцуул. “Эрүүл биед саруул ухаан оршино.” Үүнээс илүү үнэн зүйл гэж үгүй. Нэмээд хэлэхэд эрүүл саруул, эрч хүчтэй бас өөрийн бие галбиртаа сэтгэл хангалуун байж чадвал тань шиг өнгөлөг, өөртөө итгэлтэй, гялалзсан хүн энд тэнд тийм ч олон таарахгүй л байх.
  • Өөрийнхөө дассан хүрээллээс өөрийгөө хааяа ч болов хүчээр ч хамаагүй чирээд үгтээгээд гарга. Яагаад гэж үү? Тэгж байж та танихгүй хүнтэй хэзээний таньдаг мэт ярьж чаддаг болно, огт чадахгүй дээ гэж бодож явсан зүйлсээ чаддаг гэдгээ олж харна, айдас гэдэг нүүр тулаад ирэхийн цагт айдас биш болон хувирч болдог гэдгийг ойлгоно, өнөөдрийг хүртэл амьдарсан амьдрал чинь таны хүссэн зүйл биш байж ээ гэдгийг ч магадгүй хэтэрхий оройтоогүй дээр нь ойлгож авна!

Цааш нь бичээд байвал мундахгүй л олон зүйл бий. Гэхдээ гол санааг нь та ойлгосон байх. Та хөгжихгүй бол таны эргэн тойрон, аж амьдрал, ажил байдал, нийгмийн статус, амжилт гээд өөр юу ч өөрчлөгдөхгүй бас бий болохгүй тиймээс л эхлээд та өөрөө заавал ХӨГЖИХ ЁСТОЙ.

За тэгэхээр анхдагч ЗОРИЛГО бол өөрийгөө хөгжүүлэх юм байж дараа нь юу гэж. Үгүй ээ байзаарай ер нь зорилго гэдэг зүйлийг яаж гаргадаг юм бэ, яаж түүндээ хүрдэг юм бэ гэдэг талаар энд огт бичээгүй байна шүү дээ? гэж та гайхаж магад.

Аанхаа бичээгүй байгаа яагаад гэвэл бүгдийг нь нэг дор бичихээр бүтэн 3 цагийн нүүр нүүрээ хараад суух сургалтанд орох дайтай хэмжээний их зүйл бий. Тиймээс цуврал болгон бичих болно. Дараагийн сэдэв бол зорилгоо хэрхэн гаргах талаар байх болно.

“Амжилт гэдэг амьсгалах агаар мэт хэрэгцээ болсон тэр үед л амжилтанд хүрэх болно.”

About Sukhee

Өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг, илүү дээр амьдралыг бүтээн бий болгохыг хүсдэг, үргэлж өчигдрөөс илүү өнөөдрийн төлөө тэмүүлдэг хүсэл мөрөөдөл, гэрэл гэгээ дүүрэн тэр л амьдралыг ганцхан танд ч болов өгөх гэсэн асар том зорилгын төлөө энэхүү сайтаа 5 жилийн турш ажиллуулж байна.

Таны сэтгэгдлийг сонсъё.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.